
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 657 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох есөн сэдвийг танилцуулъя.
Иргэдийн амьдралд эерэг, сөрөг нөлөөлөл авчирсан эдийн засаг, нийгэм, улс төрийн асуудлуудаас нийтлэлчдийн онцолсон өнцгүүдээс хүргэе.
НЭГ. ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛДЭГ ЭРХ БАРИГЧДЫН ҮНЭН ТӨРХ
Наанаа иргэдээ сонсоно гэдэг ч цаанаа хэлсэн үг, саналыг нь хав дараад, нэгэн рүүгээ шидээд өнгөрдөг болсон.Тиймээс иргэдийн дунд төрд үгээ хэлээд ямар ч үр дүн гарахгүй гэсэн ойлголт улам нэмэгдсээр байна. Энэ тухай баримтуудыг доор сийрүүлье. “33 000, 70 000, 100 000 иргэний дэмжсэн саналын дагуу УИХ, Засгийн газар шийдвэр гаргадаг болно” гэж Dparliament цахим хуудсыг ажиллуулж, иргэдийнхээ саналыг нь авч эхлээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. УИХ-ын тухай хуульд зааснаар иргэн Dparliament цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэн дэмжсэн тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгад хүрсэн тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд дараах иргэдийн гаргасан найман санал 100 мянган иргэний дэмжлэгийг хүлээжээ.
- НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох (Г.Занданшатар)
- “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 000 төгрөгийг нэмэх (Р.Цэндсүрэн)
- НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах (Ш.Хүрэлтулга)
- Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшүүлэхийг цуцлах (Н.Номун-Эрдэнэ)
- НДШ-ийг бууруулах (Б.Батбилэг)
- Хувь хүн цалин, орлогоо төлж буй 10 хувийн татварыг нэг хувь болгох (Р.Шинэгэрэл)
- Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг тэглэх (О.Батхүү)
- Бүрэн эрхийн хугацаа нь дууссан УИХ-ын гишүүнд тэтгэмж олгохыг хориглох (Ц.Батболд);
Дээрх саналуудаас ажил хэрэг болсон ганц нь газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшүүлэхийг цуцлах санал. Засгийн газар, УИХ иргэдийнхээ саналыг ингэж л үнэгүйдүүлж байна. Харахад чихтэй боловч сонссон дүр эсгэдэг дүлий төртэй болжээ, бид.
Нийтэлч С.Шийлэгтөмөрийн “Дүлий төр” нийтлэлээс
ХОЁР. ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ӨРТӨГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ҮНИЙН ХАМААРАЛ
2022 оны эхний улирлын судалгаагаар шинээр ашиглалтад орж буй орон сууцны мкв-ын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн үнэтэй буюу 3.6 сая байсан болипотекийн зээлийн хэмжээг 150 сая төгрөг болон нэмэгдэхтэй зэрэгцэн мкв-ийн үнэ ч дагаж өсөн 2023 оны арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3 сая төгрөг болсон. Жилийн дотор хуучин орон сууцны үнэ 7 хувиар, шинэ орон сууцных 9.9 хувиар нэмэгдэв.
... Нэгэн жишээ, ипотекийн зээлийн сарын төлбөр 8 хувь байхад зээлийн сарын төлөлт нь дунджаар 532 мянган төгрөг байсан бол хүүг 6 хувь болгож бууруулахад зээлийн төлөлт буурах ёстой байтал (490 000 төгрөг болох ёстой) эсрэгээрээ 629 000 төгрөг болж нэмэгдсэн. Үүний цаана ердөө л хий хоосон үнийн хөөсрөл явагдаж түүнийх нь төлөөсийг зээлдэгчид.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргал, “Зүгээ алдсан ипотекийн зээл” нийтлэлээс
ГУРАВ. МАЛЧНААС ӨӨР ИРГЭНГҮЙ МЭТ Л...
Хотын бид татвар, нийгмийн даатгалын шимтгэлдээ дарамтлуулан хүссэн хэмжээгээрээ мах хэрэглэх боломжгүй хомс амьдарч байхад малчид орлогоосоо татвар төлөхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг цөөн хэд нь 50 хувийг нь төрөөр даалган амьдарч байгаа. Мөн тэд зөвхөн өөрсдөд нь зориулан төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагддаг. Энэ бол “Шинэ хоршоо” хөдөлгөөнд зориулан олгож буй хөнгөлөлттэй зээл. Хоршооны гишүүн малчин жилийн зургаан хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийг 60 сарын хугацаатай авч байгаа. Малчдад ийнхүү бага хүүтэй зээл олгохын тулд Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс хүүгийн зөрүүнд зориулан арилжааны банкуудад татаас олгож байгаа. 2026 онд л гэхэд Засгийн газар малчдын өмнөөс 108.9 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад төлж байна. Мөн энэхүү зээлийг санхүүжүүлэхээр 2026 оны улсын төсөвт 500 тэрбум төгрөг суулгасан. Энэ онд малчдад 500 тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн үг.
Нийтлэлч С.Шийлэгтөмөрийн “Малчдад атаархах сэтгэл” нийтлэлээс
ДӨРӨВ. ЖУУЛЧИН, АЖИЛЧНАА ЯЛГАЖ СУРАХ ХЭРЭГЦЭЭ
Тун товчхондоо, монголчууд БНСУ руу аялах виз мэдүүлээд, ажилладаг шиг аялах нэрийдлээр Монгол Улсын хил давсан гадаадууд өөр шугамаар амьдрах, ажиллах, ашиг хонжоо олох цаашлаад гэмт хэрэг, зөрчил үйлдэх тохиолдол элбэг байна. Визийн хугацаа дуусах дөхмөгц нутаг буцаад эргээд ирдэг хүн ч цөөнгүй. Монгол Улсад оршин суугаа хятад иргэд нийт хүн амын 0.69 хувийг эзэлж байгаа мэт ч харагдах ч нидэр дээрээ аль хэдийнэ нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх хуулийн босгыг давсан байх магадлалтай. Хэрэв ийм бол тун ноцтой асуудал, агуулга юм.
Нийтлэлч О.Даваасүрэн “Хил дотор хил хэрэгтэй” нийтлэлээс
ТАВ. ТҮГШҮҮРТЭЙ ТОО
Монгол дахь ДОХ, бэлгийн замын халдварт өвчний нөхцөл байдлыг Засгийн газар 2025 оны арванхоёрдугаар сарын эхээр хуралдахдаа хэлэлцсэн. Энэ онд шинээр ХДХВ-ийн 38 халдвар тээгч иргэн бүртгэгдсэн. Тэд хэнээс авсан бэ гэдгийн цаана ретровирусийн эмчилгээний хяналтаас зугтсан 12 хүнтэй холбоотой асуудал ч яригджээ. Эдгээр 12 хүний гурав нь 4-12 сарын хугацаанд эмчилгээний хяналтыг тасалсан. Ес нь 1-7 жилийн хугацаанд эмнэлгийн хяналтаас санаатайгаар зугтсан ДОХ, ХДХВ-тай хүмүүс байна. Засгийн газрын хуралдаанаас ямар шийдвэр гарсныг бид Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. Тэрээр дээрх мэдээлэл үнэн болохыг батлаад, “Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргаж, эмнэлгийн хяналтаас зугтаасан 12 иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болгосон. Энэ дагуу цагдаа, тагнуулын байгууллага ажлаа эхлээд байна” гэсэн юм.
НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөрийн 2025 оны тайланд дурдсанаар дэлхийн 100 гаруй орон ДОХ-ын вирус бусдад халдаах явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцож байна.
Нийтлэлч Г.Улсболдын “ДОХ Монголд” нийтлэлээс
ЗУРГАА. МЭРГЭЖЛЭЭ НЭРИЙНХЭЭ УРД ЗҮҮЧИХЭЭД...
Нэрийнхээ өмнө ямар нэг мэргэжил, тодотгол тавьсан хүнд ямар ч мэргэжлийн хандлага байдаггүй. Учир нь мэргэжилдээ сайн хүний хувьд нэр төр гэдэг хамгийн том үнэт зүйл юм. Тэрхүү үнэт зүйлийг хамгаалахын учир өөрийн нэрээр бусдад танигдах нь чухал байдаг. Мэргэжилдээ эзэн байна гэдэг нь тэр. Хийсэн бүтээсэн ажил нь тухайн хүний нэрийг өндөрт өргөнө. Түүнээс бус мэргэжлээ нэрийнхээ урд тавьчихаад түүнээсээ зүүгдэж, чирэгдэж яваа нь ёс зүй үгүй үйлдэл мөн.
... Хүнийг хийсэн ажил нь тодорхойлоос бус хүн өөрийгөө тодорхойлно гэдэг бол гутамшиг. Гэвч үүнийг нь хүлээн зөвшөөрч, тухайн хүнээс очиж заавар зөвлөгөө авч, сэтгэлзүйгээ, амьдралаа удирдуулна гэдэг гутамшгийн гутамшиг мөн.
“Өөртөө олгосон цол” нийтлэлээс, нийтлэлч Б.Алтанхуяг
ДОЛОО. ЭРҮҮЛ МЭНДЭД ЗОРИУЛАГДДАГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
Шинэ он эхэлсэн ч улсын болон хувийн эмнэлгүүдийн санхүүжилт хийгдээгүй учир иргэд өөрийн мөнгөөр эмчилгээ, үйлчилгээ авч, шаардлагатай тусламжаа өөрсдөө шийдвэрлэсээр байна. Угтаа бол өнгөрсөн оны аравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр Ажлын хэсэг томилсон. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг хийсэн шалгалтынхаа үр дүнг танилцуулав. Шалгалтаар ажлын хэсэг ЭМДС-г “эмчлэх, эрүүлжүүлэх” шаардлага тулгарсан гэдгийг илэрхийлсэн.
... Улмаар ажлын хэсэг ЭМДС яагаад жил бүр алдагдалтай ажиллаад байна вэ гэдгийг шалгажээ. Ингэхэд, хязгаарлагдмал эх үүсвэртэй ч хязгааргүй санхүүжилт олгосон гажуудал бий болсон. Эрүүл мэндийн тусламж авч байгаа иргэний зардлын төлбөрийг ЭМДС-гаас хязгааргүйгээр олгох тогтолцоонд шилжсэн нь хүндрэлтэй байдлыг үүсгэсэн.
Нийтлэлч И.Сарангоо “Цоорхой шанагыг нөхөх хүртэл” нийтлэлээс
НАЙМ. НАМЫН ЭРХ АШГИЙГ УЛСЫН ЭРХ АШГААС ИЛҮҮД ҮЗЭВ ҮҮ?
Энэ чуулганаар нийт 14 хууль, 37 тогтоол эцэслэн баталж, нийт 36 удаа хуралдсан аж. Харин гаргасан шийдвэрүүдийн хүртээмж дээрх шалгуурт нийцэх, эсэх, УИХ-ын гишүүдийн ажлын чанарын тухай ярьвал огт өөр “тоо” гарна. Ирэх оны төсвийг намрын чуулганаар баталдаг уламжлалтай. Гэтэл эрх баригч намынхан дотроо талцаж,үүндээ төрийн ажлыг чирж, үндсэн ажилдаа анхаарах завгүй шахам явсаар ихэнх хугацаагаа өнгөрүүлсэн юм.
... УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй, цаг үеийн асуудлаа хэлэлцэж шийдэхгүй сар болов. Гэхдээ төсвийн төсөл дээр ажиллах “бэлгэдлийн” нэг ажлын хэсэг байгуулчихсан. Бүлгийн дарга нь хуралдаанаа зарлахгүй, гэдийсэн учраас Г.Занданшатарын талд нэгдсэн олонх нь тусдаа хуралдаж, өөр дарга сонгох нь тэр. Энэ зуурт нь Төрийн ордны гадна багш, эмч нар, ахмадууд цалин, тэтгэврээ нэмүүлэхээр жагсаж байлаа...
Нийтлэлч С.Туулын “ Намын эрх ашгийг нэгд, төрийн ажлыг хоёрт тавьсан чуулган” нийтлэлээс
ЕС.ГЕОПОЛИТИКИЙН ГЭХ АСУУДЛУУД
Колумбын их с у р г у у л и й н профессор Иан Бреммер, судлаач Клифф Капчан нар уламжлал ёсоор оны эхэнд геополитикийн эрсдэлийн жагсаалтаа танилцууллаа.
- Дэлхийн дэг журамд эрсдэл үүсгэх АНУ-ын дотоод улс төр
- Хиймэл оюун ухаан
- Хятадын дефляцийн занга
- Оросын зэрэгцээ фронт тэргүүтэй геополитикийн асуудлаарх таамаг юуг зөгнөв?
Өмнө нь геополитикийн эрсдэл гэдэг тодорхой бүс нутаг, шалтгаан нөхцөл нь ил цагаан сөргөлдөөнтэй холбогддог байв. Харин одоо эрсдэл илүү системийн шинжтэй болж, улс төр, эдийн засаг, технологи, байгаль орчны асуудал дагуулах аж.
Нийтлэлч С.Лхагвасүрэн “Манлайлагчгүй дэлхий тогтворжих уу, задрах уу” нийтлэлээс
