
ОХУ-ын олон зүйл урьдчилан таамаглахад бэрх. Харин энэ удаагийн сонгуулийн үр дүн тийм байсангүй.
Кремль улс төрийн тогтолцоогоо хатуу хянадаг нөхцөлд эрх баригч нам болох “Нэгдсэн Орос” парламент дахь байр сууриа хадгална гэж нийтээрээ хүлээж байсан.
Үр дүнд нь ямар нэгэн гэнэтийн өөрчлөлт гарсангүй. Гэнэтийн бэлэг ч байсангүй. Өөр ямар ч нам “Нэгдсэн Орос”-той ойртож чадсангүй.
Урьдчилсан дүнгээс үзэхэд “Нэгдсэн Орос” Төрийн Думд Үндсэн хуульд заасан олонх буюу нийт суудлын гуравны хоёроос дээш хувийг хадгалж үлдэх төлөвтэй байна.
Энэ нь ОХУ Украинтай хийж буй дайн эхэлснээс хойш дөрөв гаруй жил өнгөрч, энэ хугацаанд Оросын арми байлдааны талбарт асар их хохирол амсаж, эдийн засгийн хүндрэл үүсэж, мөн Украины дроны цохилтын улмаас Оросын газрын тосны байгууламжуудын үйл ажиллагаа доголдож, шатахууны хомсдол үүссэн нөхцөлд болж байна.
5 хувийн босгыг давж, шинэ Думд суудал авсан намууд нь өмнөх парламентын бүрэлдэхүүнд байсан намуудтай үндсэндээ ижил байна. Өмнөх Дум ч Кремль болон “тусгай цэргийн ажиллагаа” хэмээн нэрлэдэг Украины эсрэг дайныг бүрэн дэмжиж байсан юм.
Парламентад орж чадаагүй намуудын нэг нь “Яблоко” байв.
“Яблоко” нь энэ сонгуульд оролцохыг зөвшөөрсөн цорын ганц дайныг эсэргүүцсэн нам байсан. Гэвч сонгуульд бүртгүүлснээсээ ердөө 12 хоногийн дараа Дээд шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагджээ. Энэ нь “Яблоко”-гийн энх тайвны төлөөх байр суурь олон нийтийн дунд хэт их дэмжлэг авч эхэлсэнд Кремль санаа зовниж байгаагийн дохио мэт харагдсан юм.
“Сонгуулийн хуудсанд 10 нам байсан бөгөөд бүгд Путины бодлогыг дэмжиж байгаа нөхцөлд өөр ямар үр дүн гарах юм бэ? Думд ямар нэгэн өөрчлөлт гарна гэж би бодохгүй байна. Тэд өмнөхийн адил Путины бодлогыг 100 хувь дэмжиж санал өгнө” гэж “Яблоко” намын дарга Николай Рыбаков хэлэв.
“Яблоко” намын нэрийг намын жагсаалтаас хассан ч түүний 100 орчим нэр дэвшигч тойргийн сонгуульд өрсөлдөхөд дарамт шахалт үргэлжилж байна гэж мэдэгдэж байв.
“Нэр дэвших ёстой байсан зарим нэр дэвшигч маань шоронд байгаа, олон хүнийг нэр дэвших эрхгүй болгосон. Мөн манай сонгуулийн зарим ажиглагч бүртгүүлж чадаагүй тул санал хураалтыг хянах боломжгүй болсон” гэдгийг Рыбаков онцолжээ.

Гурван өдөр үргэлжилсэн сонгуулийн сүүлчийн өдөр Украин Москва орчимд томоохон хэмжээний дроны цохилт хийсэн байна. Хотын газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртжээ.
ОХУ-ын Украинтай хийж буй дайн эхэлснээс хойш дөрөв гаруй жил өнгөрөхөд Москвагийн оршин суугчид хот нь үе үе фронтын шугам мэт нөхцөл байдалд орохыг дасал болжээ. Гайхаж цочирдохын оронд хүмүүс чимээгүйхэн хүлээн авч, амьдралаа үргэлжлүүлж байна.
“Донбасст, мөн Украины хил орчмын Брянск, Белгород мужуудад амьдардаг хүмүүс ийм зүйл өдөр бүр сонсож, харж байдаг” гэж санал авах байрнаас гарч ирсэн Виктор хэмээх сонгогч хэлэв. “Тэд зүгээр л амьдралаа үргэлжлүүлдэг” гэнэ.
Хэрэв энэ удаагийн сонгуулийн үр дүн урьдчилан таамаглахад хялбар байсан бол цаашид юу болох нь илүү тодорхойгүй болно.
Кремль сонгуулийн үр дүнг ашиглан Оросын ихэнх иргэн Ерөнхийлөгчийнхөө ард нэгдсэн гэж мэдэгдэж, цаашдын бодлого болон дайны талаарх дараагийн шийдвэрүүдээ зөвтгөх магадлалтай.

Ерөнхийлөгч Путин дахин дайчилгаа зарлана гэх мэдээллийг үгүйсгэсэн.
Өнөөдөр дайчлахгүй байж болно. Харин маргааш яах вэ?
Албан ёсоор үгүйсгэсэн мэдэгдлүүд гарсаар байгаа ч Оросын нийгэмд шинэ дайчилгаа зарлагдах вий гэсэн түгшүүр байсаар.
Наад зах нь Кремль сонгуулийн үр дүнг дайныг үргэлжлүүлэх “ард түмний мандат” хэмээн тайлбарлах магадлалтай.
Эх сурвалж: BBC