
Fast fashion салбарын дэлхийн томоохон компани Shein есдүгээр сарын 1-нд Хонконгийн хөрөнгийн биржид анх удаа хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Тус компанийн зах зээлийн үнэлгээ нь бараг 27 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна.
Удаан хүлээгдсэн энэхүү алхам нь компанийн үйл ажиллагаанд тавих зохицуулалтын хяналт, шалгалт нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ болон Лондонд хувьцаагаа гаргах оролдлогууд нь бүтэлгүйтсэний дараа хийгдэх гэж буйгаараа онцлог юм.
2008 онд байгуулагдсан цагаасаа хойш Shein 150 гаруй орны хэрэглэгчдэд үйлчилж байна.
Цахим худалдааны аварга тус компани маш хямд үнэтэй хувцас худалдаалдгаараа алдартай. Үүнийг Хятад дахь асар том үйлдвэрүүдийн сүлжээ нь дэмждэг бөгөөд эдгээр үйлдвэрүүд загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад тулгуурлан шинэ бүтээгдэхүүнийг богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой.
Shein даваа гарагт Хонконгийн хөрөнгийн биржид гаргасан баримт бичигтээ бараг 280 сая хувьцааг нэг бүрийг нь 47.60-49.50 хонконг доллар буюу 6.07-6.31 ам.доллараар санал болгоно гэж мэдэгджээ.
Үнийн дээд хязгаараар тооцвол хувьцааны борлуулалтаар компани 1.77 тэрбум ам.доллар босгож, зах зээлийн үнэлгээ нь 26.8 тэрбум ам.доллар болох юм.
Гэвч энэ нь Shein-ийн 2022 онд хүрч байсан 100 тэрбум ам.долларын үнэлгээнээс үлэмж доогуур үзүүлэлт юм. Энэ бууралт нь борлуулалтын өсөлт саарч, зардал нэмэгдсэнтэй холбоотой. Shein-ийн анхдагч хувьцааны арилжаа буюу IPO-г Уолл Стритийн хөрөнгө оруулалтын томоохон банкууд болох Goldman Sachs, Morgan Stanley болон JPMorgan дэмжиж байна.
Наньян технологийн их сургуулийн эдийн засгийн дэд профессор Фэн Чүгийн хэлснээр эх газрын Хятадын олон компани хувьцаагаа гаргах болсноор Хонконг дахин “дэлхийн хамгийн том IPO зах зээлүүдийн нэг” болж сэргэж эхэлжээ.
Түүний үзэж буйгаар Shein нь Лондонд хувьцаагаа гаргасан тохиолдлоос илүү өндөр үнэлгээг Хонконгод авах магадлалтай. Учир нь Лондонд зохицуулагч байгууллагуудын хяналт шалгалт нэмэгдсэнээр тус компанийн хувьцаа гаргах төлөвлөгөө саатсан юм.
Мөн дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятадын харилцааны хурцадмал байдал нь Хятадын компаниудыг АНУ-д хувьцаагаа гаргахаас болгоомжлоход хүргэж байна. Учир нь хоёр улсын зөрчил хурцадвал зарим компаниудын хувьцааг биржээс хасах эрсдэлтэй гэж Фэн Чү нэмж хэлжээ.
Өрсөлдөөн болон саад бэрхшээл
Shein-ийн IPO нь хурдан загварын салбар дахь хөрөнгө оруулагчдын итгэл болон улам бүр ширүүсэж буй өрсөлдөөний нөхцөлд тус компанийн байр суурийг шалгах чухал үйл явдал болно.
Долоодугаар сард Shein улирлын алдагдалд орсноо мэдээлсэн. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жижиг илгээмжид импортын татвар ногдуулахгүй байх “de minimis” хөнгөлөлтийг цуцалсан нь борлуулалтыг сааруулсан гол хүчин зүйлсийн нэг болсон.
Тус компани оны эхний гурван сард 99 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үед бүртгэгдсэн 395 сая ам.долларын цэвэр ашгаас эрс өөр үзүүлэлт байв.
Үүний зэрэгцээ одоогоор түр завсарласан АНУ, Хятадын харилцан тариф нэмэгдүүлсэн худалдааны дайны цаашдын чиглэлтэй холбоотой тодорхойгүй байдал хэвээр байна.

Мөн Ираны дайн эрэлтэд сөргөөр нөлөөлж, зардлыг нэмэгдүүлэн, зарим зах зээлд хүргэлт саатахад хүргэсэн гэж тус компани мэдээлсэн юм.
Эхний улирлын санхүүгийн үзүүлэлтэд мөн тусгай хөрөнгө оруулагчдын хувьцаатай холбоотой нягтлан бодох бүртгэлийн өөрчлөлтөөс үүдсэн 328 сая ам.долларын цаасан алдагдал хэсэгчлэн нөлөөлжээ. Эдгээр тусгай хувьцааг хожим энгийн хувьцаанд хөрвүүлэх боломжтой төдийгүй биржид бүртгүүлэхээс өмнө үнэ цэн нь өөрчлөгдөж болдог.
Зарим хөрөнгө оруулагчид зардал өсөж, зохицуулалтын шаардлага нэмэгдэж байгаа нь Shein-ийн барааг хурдан бөгөөд хямд үнээр зах зээлд хүргэх чадварт нөлөөлөх эсэхэд эргэлзэж байна.
Зах зээлийн судалгааны Euromonitor International компанийн Маргерит ЛеРоллангийн хэлснээр Shein-ийн АНУ дахь борлуулалт удааширсан нь “de minimis” хөнгөлөлтийг цуцалсантай тодорхой хэмжээгээр холбоотой.
Энэхүү хөнгөлөлт нь Shein болон түүний хүчтэй өрсөлдөгч Temu зэрэг жижиглэн худалдаалагчдад АНУ-ын зах зээлд хурдацтай өсөх боломж олгож байсан. Учир нь тэд бараагаа импортын татвар төлөхгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой байв.
Хөнгөлөлт цуцлагдсанаар Shein болон Primark, H&M зэрэг өрсөлдөгчдийн хоорондох үнийн зөрүү багасаж болзошгүй гэж ЛеРолланд хэлжээ.
Rabobank-ийн валютын стратегийн албаны дарга Жейн Фоули BBC-ийн Today хөтөлбөрт ярихдаа “de minimis” хөнгөлөлтийг цуцалсан нь “Shein-ийн бизнесийн үндсэн загварт үнэхээр сөргөөр нөлөөлсөн” гэж хэлээд Европын Холбоо ч үүнтэй төстэй арга хэмжээ авсныг онцолсон байна.
Retail Economics судалгааны компанийн Ричард Лимийн хэлснээр Shein зэрэг Хятадын жижиглэн худалдааны аваргууд Их Британи зэрэг зах зээлд “асар их хэмжээний сүйрлийн давалгаа” үүсгэж, уламжлалт компаниуд тэдэнтэй өрсөлдөхөд хүндрэлтэй болжээ.
Түүний хэлснээр Их Британийн жижиглэн худалдааны салбар Shein-ийг “ижил нөхцөлтэй талбайд тоглож байгаа компани биш” гэж үзэж байна.
Их Британи 2028 онд Хятад дахь жижиглэн худалдаалагчдаас ирэх жижиг илгээмжид АНУ болон Европын Холбоотой төстэй хязгаарлалт тогтоох төлөвтэй байгаа аж.
281 сая идэвхтэй хэрэглэгчтэй
2026 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Shein 281 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан нь өмнөх оны мөн үеэс 16 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр хэрэглэгч нийтдээ нэг тэрбум гаруй захиалга хийжээ.
Гэвч хурдан загварын бизнесийнх нь байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон нийлүүлэлтийн сүлжээнд албадан хөдөлмөр ашигласан гэх мэдэгдлүүд анхаарал татсаар байна.
Shein өмнө нь BBC-д өгсөн мэдэгдэлдээ албадан хөдөлмөрийг “үл тэвчих бодлого” баримталдаг гэж хэлж байсан.
Тус компани Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах оролдлого хийсэн боловч нийлүүлэлтийн сүлжээндээ мөрдөж буй үйл ажиллагаатай холбоотой асуултад хариулахаас татгалзсан гэх шүүмжлэл, хяналт шалгалтын дараа уг төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн юм.