
Монголчуудын дийлэнх нь өр, зээлтэй. Арай гэж нэг зээлээ хаагаад дахин зээл авна. Мэдээж сонголт байвал хэн чиг л өр зээлгүй аж төрөхийг бодолгүй дээ. Харин төрийн түшээд маань иргэддээ зээлтэй амьдрах л сонголтыг өгч байна.
УИХ гишүүн Б.Жаргалан “Тэгэхээр арилжааны банкуудтайгаа хамтарч идэшний зээл олгох асуудлыг шийдвэрлэе. Айл өрх бүр идшээ өөрсдөө бэлддэг болмоор байна. Төр заавал мах нөөцөлж бүх юмыг бэлддэг, түүнийг хаана ч хадгалах юм, өмнөх хугацаанд ямар алдаа дутагдлууд гарсан билээ. Тэгэхээр аливаад бүтээлчээр хаднмаар байна” гэв. Уг нь ч иргэд идэшний зээл авдаг бус идшээ өөрсдөө сонгоод авчихдаг, түүнд хүрэлцээтэй цалин мөнгө олдог, эдийн засаг, төрийн бодлогыг л хүсэж байгаа. Гэтэл тэдэнд дахин нэг зээл санал болгов.
Сүүлийн үед махны үнийн хөөрөгдлийн талаар хавраас эхлэн ярьсаар ирсэн. Тиймээс ч угтаа бол төр асуудлаас зайлсхийх үүднээс санхүүгийн дарамтыг иргэдэд өөрсөд нь үүрүүлэх хувилбарыг санал болгож байгаа нь энэ. Төрийн махны нөөцийн бодлогод алдаа, дутагдал бий аваас түүнийг засах, илүү оновчтой тогтолцоо бий болгох нь тэдний ажил. Харин банкны зээлээр дамжуулан малгүй өрх бүрийн асуудлыг шийдэх нь оновчтой юу? Идэшний махаа өөрсдөө бэлдэх нэрийн дор өрхийн өрийн хэмжээг нэмэгдүүлэх нь чухам тэдэнд л ашигтай. Учир нь ядуу ард түмнийг хааш ч хамаагүй чиглүүлж, эрх мэдлээ удаан хадгалах нь тэдэнд хонжоотой үйлдэл.
Ерөөс ямар ч иргэн зээл, тэр бүү хэл “идэшний зээл” хүсээгүй. Иргэд өөрсдийн сонголтоор мах авч, өр зээл тавилгүй аж төрөх хэмжээний цалин орлоготой, санхүүгийн тогтвортой нийгэмд л амьдрахыг хүсэж буй. Өрхийн сарын орлого нь үндсэн хэрэглээгээ арайхийн болгож байхад улирлын чанартай зардлыг зээлээр нөхөхөөс өөр аргагүй шийдэл санал болгож суугаа гишүүдтэй байна гэдэг үнэндээ л эмгэнэл.
Өнөөдөр магадгүй идэш, дараа нь тариа ногоо гээд бүхнийг зээлээр шийдэх үү. Иргэд сургалтын төлбөр, эмчилгээ, байр, автомашины зээлтэй. Хөдөлмөрлөж олсон орлогоороо амьдралаа авч явахаас илүү ирээдүйн орлого нь урьдчилан зарцуулагддаг тогтолцоонд хэдийнэ орчихсон.
Хамгийн ноцтой нь зээл гэдэг ойлголтыг төрийн бодлогын түвшинд бараг бүх асуудлын гарц мэт үзэж эхэлж байгаа явдал юм. Иргэдэд орлого нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхийн оронд хэрэглээг нь зээлээр санхүүжүүлэх нь богино хугацаанд асуудлыг намжааж болох ч урт хугацаанд өрхийн санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлнэ. Дээр нь ерөнхий сайд маань есдүгээр сарын эхэнд есөн шийдвэр гаргасан. Цалин, тэтгэвэр нэмж, зээлийн хүүг бууруулах зэрэг үүнд багтсан. Гэвч цалин, тэтгэвэр нэмэхэд аливаа бүх бүтээгдхүүний үнэ, үйлчилгээний төлбөр, зардлууд нэмэгдэнэ. Харин зээлийн хүүг бууруулж байгаа учраас түүгээр асуудлаа шийдээд сайхан амьдрах боломжийг санал болгож буй бололтой.
Ингээд манай төрийн эдийн засгийн бодлого иргэнийг илүү чинээлэг амьдрах бус, өр тавих чадварыг нь нэмэгдүүлэхэд л чиглэх аж. Уг нь энэ зэргийн асуудлыг төрийн түшээд хамгийн түрүүнд олж харах учиртай шүү дээ.
Банкны хувьд зээл бол бүтээгдэхүүн, ашиг орлого олох санхүүгийн үйлчилгээ. Харин иргэний хувьд зээл бол тодорхой хугацаанд буцаан төлөх үүрэг бөгөөд тэр үүрэг нь амьдралын дараагийн хэдэн сарын орлогыг барьцаалж байдаг. Тиймээс банкны зээлийн бүтээгдэхүүнийг олшруулах нь эдийн засгийн идэвхжил гэж харагдаж болох ч өрхийн түвшинд лав сайн мэдээ биш. Ялангуяа өдөр тутмын хэрэглээ, хүнс, түлш, эмчилгээ, сургалтын төлбөр зэрэг үндсэн хэрэгцээг зээлээр нөхөж эхэлбэл зээл хөрөнгө оруулалт биш, амьд үлдэх хэрэгсэл л болж хувирна. Идэшний мах авах хүртэл зээл шаарддаг болсон бол асуудал махны нийлүүлэлтээс илүү өрхийн орлогын хүрэлцээний тухай болжээ гэж харах нь зайлшгүй. Тиймээс төр “ямар зээл олгох вэ” гэдгээс өмнө “иргэд яагаад зээлгүйгээр амьдарч чадахгүй байна вэ” гэдгийг асуух ёстой.
Төр иргэдийнхээ өмнөөс бүхнийг бэлдэх албагүй. Харин иргэд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдөө сонголтоо хийж, орлогоороо амьдралаа авч явах боломжтой эдийн засгийн орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Махны үнэ тогтвортой байх, цалин орлогын худалдан авах чадвар хамгаалагдах, малчид болон хэрэглэгчдийн хоорондын үнийн зөрүү зохистой байх зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд шийдэх боломж бий. Тэр бүхний эцэст иргэн дэлгүүр, зах, махны ченж дээр очоод “Би хэдэн төгрөгийн зээл авч байж энэ жилийн идшээ авах вэ” гэж бодох шаардлагагүй болно.
Эцэст нь төрийн түшээд маань иргэдээ зээлд хөтлөх шийдэл боловсруулахаас илүүтэй өргүй аж төрөх боломжийг хэзээнээс эрэлхийлж эхлэх вэ. Дарга солигдож, гишүүд буурь сэлгэхэд иргэн бүр л “Одоо нэг гайгүй” ажиллах болов уу гэж хүлээдэг. Гэвч үгүй.
Иргэн бүрийг банкны зээлд хамруулах нь амархан шийдэл байж болох ч улс орны эдийн засгийн эрүүл байдлыг зээлийн өргөдлийн тоогоор хэмжих боломжгүй. Хэрэв хүн идэшний махаа авахын тулд зээл авч, зээлээ төлөхийн тулд дараагийн зээлээ авдаг бол бид хэрэглээг бус өрийг санхүүжүүлж байна гэсэн үг. Төрийн бодлогын эцсийн зорилго иргэнийг улам их зээл авах чадвартай болгох биш юм л даа. Тэгээд ч идэшний махыг зээлээр авч болно. Харин иргэдийн амьдралын баталгааг зээлээр бүтээж болохгүй.