
Өнөөгийн Улаанбаатар хот гаднаас нь харахад дэлхийн жишигт нийцсэн ухаалаг хотын тогтолцоонд өдөр ирэх тусам ойртсоор байна.
Гудамжинд замын цагдаа шүгэлдэн зогсох нь цөөрч, оронд нь хиймэл оюун ухаанд (AI) суурилсан 2600 гаруй ухаалаг камер 176 уулзвар, гарцад жолооч нарыг хотын нэг захаас нөгөө зах хүртэл алдалгүй хянадаг болов. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг систем нь хурд хэтрүүлэх, гэрлэн дохио, дугаарын хязгаарлалт зөрчих, татвар, даатгал төлөөгүй байх зэрэг замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг секундийн дотор илрүүлж буй. Уг камерууд өдөрт дунджаар 250 000–300 000 зөрчил бүртгэж, хэн, хаана аль уулзварт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг секундийн дотор илрүүлж, торгуулийн мэдээллийг жолоочийн утсанд минут хүрэхгүй хугацаанд илгээж байна. Улмаар торгуулиа хугацаанд нь төлбөл хөнгөлөлт эдлүүлж, хугацаа хэтрүүлбэл нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг ч цахимаар шийддэг болов. Ийнхүү өнгөц харвал манай нийслэл торгууль ногдуулж, төлбөр хураах тал дээр Азийн өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэж, технологийн тал дээр улам боловсронгуй болж буй мэт.
Гэвч технологийн дэвшил түгжрэлийг бууруулж, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулсан уу гэвэл үгүй. Зөрчил илрүүлэхдээ улам гаршиж, торгууль ногдуулахдаа улам шуурхай болсон ч түгжрэлийн үндсэн шалтгааныг арилгаж чадсангүй. Харин энэ жилээс нийслэлийн удирдлагууд дугаарын хязгаарлалтыг бүсчлэлгүй хэрэгжүүлж, камерын хяналт болон цагдаагийн шалгалтаар нэг зөрчилд давхар торгууль ногдуулах нөхцөл бүрдүүлснээр иргэдийн зорчих эрхийг улам хязгаарлав.
Өнгөрсөн найм, есдүгээр сард хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэрийн дор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хязгаарлалт хэрэгжүүлэхээр болсныг хотын дарга Б.Пүрэвдавга мэдэгдсэн юм. Уг шийдвэр иргэдэд нэг их шинэ зүйл байсангүй. Учир нь нийслэлийн удирдлагууд түгжрэлтэй нүүр тулах бүрдээ дугаарын хязгаарлалт гэх хуучин арга хэмжээгээ дахин сөхдөг жишиг тогтоод удаж буй. Иргэд ч энэ удаад өмнөх жилүүдийн адил түр зуурын зохицуулалт хэрэгжүүлэх нь гэж ойлгож байв.
Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга асан С.Энхтөр
Дугаарын хязгаарлалтын тэгш сондгой, бүсчлэлгүй хязгаарлах, дээр нь цагийг нь сунгах бол арай л харгис шийдвэр. Тэгш сондгойг бүх нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал, гамшгийн үед мөрдье гэж анх гаргаж байсан. Гэтэл одоо энгийн үед мөрдөж эхэллээ. Одоо дугаарын хязгаарлалтыг бүр болиод нам түгжирч тос усаараа ялгарч бодит үнэнтэйгээ нүүр тулах цаг болсон.
Гэтэл энэхүү хязгаарлалтыг энэ жил илүү урт бас ямар ч бүсчлэлгүй, цагийн хатуу хуваарь дунд хэрэгжүүлнэ гэдгийг нийслэлээс мэдэгдсэн юм. Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Мөн үүн дээр нэмээд өмнөх жилүүд шиг дугаарын хязгаарлалтыг цагдаагийн хяналтаар хэрэгжүүлж, зөрчил гаргасан жолоочид анхааруулга өгөх хэлбэрээр заасан бүсчлэлд нэвтрүүлдэггүй байсан жишгээсээ хальж хиймэл оюунаар торгууль ногдуулж эхлэв. Ингэхдээ дугаарын хязгаарлалт зөрчвөл камерт өртөх болгонд торгууль тооцож нэхэмжлэх болжээ. Цагдаагийн алба хаагчид хүртэл давхар торгууль бичиж нэг зөрчилд хэд хэдэн удаа торгууль ногдуулж байгаа гэх шүүмжлэл иргэдийн дунд өрнөсөн.
Иргэдийн зүгээс төрийн томоохон арга хэмжээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хувийн автомашинаа нэг сарын хугацаанд 14 өдөр, өдөр бүр 14 цаг, нийт 196 цаг ашиглах боломжгүй болсон нь өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хэт хязгаарласан. Мөн түүнчлэн хотын захын түгжрэл багатай замаар зорчсон ч бүсчлэлгүй хязгаарлалт үйлчилж байгаа гэх үндэслэлээр торгуулж буйг шударга бус хэмээн олон нийтийн сүлжээнд шүүмжлэв.
Уг шүүмжлэлтэй холбогдуулан хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийн, шийдвэрийнхээ үндэслэлийг “Улаанбаатарын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, томоохон хурал цуглаан болон хичээлийн шинэ жилийн үеэр иргэд бүгд түгжрэлд зогсохын оронд цагаа төлөвлөж, ажлаа өдөр өдрөөр амжуулах нь хязгаарлалтын цаад логик” хэмээн тайлбарласан. Мөн энэ оны найм, есдүгээр сард нийт 28 хоног тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулсан. ”Энэхүү зохицуулалтын дагуу иргэд 14 хоног машинаа унаагүй, үүнийг 2027 оны авто зам ашигласны төлбөрөөс хасна. Авто зам ашигласны төлбөрийг НИТХ шийднэ”
Харин нэг зөрчилд давхар торгууль ногдуулж байгаа гэх асуудлаар хотын дарга болон холбогдох албаныхан “Ийм зүйл байхгүй. Хэрэв давхар торгууль ногдуулсан тохиолдол байгаа бол шүүхэд хандаж болно” хэмээн үгүйсгэсэн.
Гэвч албаныхны үгүйсгээд байгаа энэ зөрчлийг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэг зөрчилд давхар торгууль ногдуулах журамтай гэдгийг өнгөрсөн жил мэдэгдэж байсан билээ. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 4-ны өдөр Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв (ЗХУТ)-өөс байнгын баруун эргэх 11-н уулзварын тухай болон тэгш, сондгойгоор зорчиж буйтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр тэгш сондгой замын хөдөлгөөнд давхар торгууль ногдуулах эсэх асуудлаар ТЦА-ны хурандаа Б.Очирбат дараах мэдээллийг өгч байв.
Тэрээр “Бид өнгөрсөн жилүүдэд торгууль оногдуулахдаа “Энэ жолооч өмнө нь торгуулсан юм байна” гээд тухайн жолоочид 20 мянган төгрөгийн виз олгож байгаа мэт нөхцөлөөр явдаг байсан. Улмаар жолооч ухамсарлахгүй дахиад хөдөлгөөнд оролцдог асуудал үүссэн. Энэ удаад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээний хүрээндээ камерт өртөж буй тохиолдол болгонд нь шийтгэл хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай байгаа. Мөн камераас гараад хяналтын цэгүүдэд дахин хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд нь цагдаагийн алба хаагч торгохоор зохицуулалттай. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил бүр дээр хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалттай гэсэн үг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана” хэмээн мэдээлж байв.
Мөн ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг зөрчвөл явсан чиглэл бүрд теле хяналтын камераар болон цагдаагийн алба хаагч нар жолоочид арга хэмжээ тооцно. Тодруулбал, машинтайгаа дугаарын хязгаарлалт зөрчөөд явбал цагдаагийн пост болон камерт бичигдэх бүрд торгууль төлнө” хэмээн мэдээлж байсан юм.
Ийнхүү холбогдох албаныхан уулзвар болгонд камераар торгууль оноож, цагдаа нар давхардуулан шийтгэнэ гэдгийг ил цагаан зарлан байтал Хотын дарга болон нийслэлийн удирдлагууд “Ийм зүйл байхгүй” хэмээн мэдэн будилж, илт үгүйсгэж байгаа нь төрийн шийдвэрүүд уялдаа холбоогүй, зөвхөн иргэдийг шийтгэх хэлбэр рүү хэр хэлбийснийг харуулах тод жишээ болов.
Уг нь Монгол Улсын хууль эрх зүйн үндсэн зарчмаар нэг зөрчилд давхар ял, шийтгэл оноохыг хатуу хориглодог. Гэтэл хууль журмаасаа хальж, ухаалаг системийн цаана иргэдийн халаасыг тэмтрэх замаар төсвийн орлого бүрдүүлж байгаа нь яавч шударга жишиг биш.
Хуульч П.Эрхэмбаяр
Дугаарын хязгаарлалт зөрчсөн гэдэг үндэслэлээр иргэнд зөрчил оногдуулсан байхад давхар уулзвар бүр дээр торгууль ногдуулж байгаа нь өөрөө Зөрчлийн тухай хуулиасаа гажсан шийдвэр юм. Зөрчлийн тухай хуулиар нэг зөрчилд давхар торгууль ногдуулах үндэслэлгүй.
Дугаарын хязгаарлалтыг 2012 онд Улаанбаатар хот 250 мянган автомашинтай байх үед түгжрэлийг бууруулах түр арга хэмжээ болгон нэвтрүүлж байлаа. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд автомашины тоо хэд дахин өсөж, замын ачаалал улам нэмэгдсэн ч нийслэлийн удирдлагууд түгжрэлийг шийдэх дорвитой гарцыг өнөөдрийг хүртэл олсонгүй. Харин ч жил бүр гал унтраах төдий хуучин аргаа дахин давтаж, иргэдийн зорчих эрхийг хязгаарлахын зэрэгцээ дугаарын хязгаарлалтыг торгуулийн системтэй холбож, иргэдийн халаасыг тэмтэрч төсвөө зузаатгасаар сууна...
Уг нь төр эхлээд замын дэд бүтэц, нийтийн тээвэр, хөдөлгөөний зохион байгуулалтаа сайжруулж, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний дараа л шаардлагатай хязгаарлалт, хяналтын зохицуулалтыг үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх учиртай. Гэтэл манайд энэ дараалал эсрэгээрээ хэрэгжих болжээ.