
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд Киргизийн Бишкек хотод зохион байгуулна. Сонгомол болон чөлөөт бөхийн төрлөөр болох тус тэмцээнд манай улсаас барилдах бөхчүүд бүрэн тодорлоо.
Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд сонгомол барилдаанд 55 кг-д М.Даваабанди, 95 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар барилдахаар болжээ. Хүнд жингийн бөх Б.Намбардагва мөн чөлөөтөд барилдана. Түүний хувьд сүүлийн жилүүдэд Япон улсад бэлтгэл сургуулилалтаа хийж олон улсын тэмцээнд оролцож байна. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний сонгомол болон чөлөөт бөхийн хүнд жинд түрүүлсэн Б.Намбардагва тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдахаар боллоо. Мөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга энэ удаа 70 кг-д барилдана.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар барилдахаар боллоо.
Мөн эмэгтэй бөхчүүдээс 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.