
Avatar: The Last Airbender ертөнцөд суурилсан шинэ анимейшн кино болох Avatar: Aang, The Last Airbender-ын хэсэг бичлэг албан ёсны нээлтээсээ өмнө цахим орчинд задарсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдлаа.
Энэхүү бичлэгийг X платформд @ImStillDissin нэртэй хэрэглэгч нийтэлж, богино хугацаанд 100 000 гаруй лайк цуглуулсан ч удалгүй устгасан байна. Устгасны дараа “зохиогчийн эрх эзэмшигчийн хүсэлтээр энэ контентыг идэвхгүй болголоо” гэсэн мэдэгдэл гарчээ. Paramount одоогоор энэ асуудлаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Анхны мэдээллээр, гурваас дээш минутын бичлэгт Аанг, Зуко, Катара, Сокка, Тоф нар илүү насанд хүрсэн байдлаар дахин нэгдсэн дүрслэл гарсан бөгөөд шинэ дуу оруулагч жүжигчдийн оролцоотой хэсгүүд багтсан байж магадгүй аж.
Бичлэгийг нийтэлсэн хэрэглэгч “Хэрэв Paramount ойрын өдрүүдэд трейлер гаргахгүй бол киног бүтнээр нь лайв хийж цацна” хэмээн сүрдүүлэв.
Энэхүү кино нь анх 2024 онд зарлагдаж, 2026 оны аравдугаар сарын 9-нд Paramount+ платформ дээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн. Мөн уг төсөл нь гурван ангит анимейшн кино цувралын эхнийх байх юм.
Мөн задруулсан бичлэгт Дэйв Баутиста болон Тайка Вайтити нарын бүтээсэн дүр харагдсан гэх мэдээлэл байна.
Гэхдээ уг бичлэг үнэн эсэх нь баталгаажаагүй бөгөөд хэрэв жинхэнэ байсан ч кино бүрэн боловсруулагдаагүй хувилбар байх магадлалтайг эх сурвалжууд анхааруулж байна.
Хагас жилийн дараа буюу ирэх 10-р сард нээлтээ хийх байсан Avatar: Aang, The Last Airbender-н бичлэг задарсан талаар “тус киног хийсэн студийн ажилтан санамсаргүйгээр имэйл андууран X платформын нэгэн хэрэглэгч рүү бүтэн киног илгээснээс энэ бүхэн үүдэлтэй” гэсэн тайлбарыг эх сурвалж хийсэн гэх өөр нэг мэдээлэл мөн цацагдсан аж.
Албан ёсны трейлер, дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа тул спойлероос зайлсхийхийг хүссэн үзэгчид ойрын өдрүүдэд сошиал сүлжээг анхааралтай ашиглах шаардлагатай болж байна.