
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн ажил энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
Хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага болон 200-250 орчим иргэн өнөөдөр мод тарилаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хэрэгжиж байна. Тус ажлын хүрээнд 30 төрөл зүйлийн нийт 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж байгаа аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140 сая мод тарьж, ургуулсан бөгөөд хөдөлгөөнийг бэлтгэл үе, тогтворжуулах үе, эрчимжүүлэх үе гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд тарьж, ургуулах модны тоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж буй.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан. Мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс болон агаарын бохирдлыг бууруулах, хотын экологийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой.