
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Сингапурт зохион байгууллаа. Тус тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд өчигдөр болж Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг хагас шигшээд шалгарч чадсангүй.
Хэсэгтээ Тайвань, Филиппиний багийг хожсон манай эрэгтэй баг шөвгийн наймд Японы багт 21-20-оор ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Манай залуус тавдугаар байр эзэлсэн бол Японы баг Шинэ Зеланд, БНХАУ-ын багуудад хожигдон дөрөвдүгээр байрт орлоо. Нийт 22 багаас Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ-ын багууд медальт байранд шалгарлаа.
Харин 3х3 ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг мөн шөвгийн наймын тоглолтод ялагдал хүлээлээ. Манай эмэгтэй баг Филиппиний багт 15-12-оор хожигдон энэ жилийн тивийн тэмцээнд тавдугаар байрт орлоо. Манай шигшээ багийг хожсон Филиппиний баг тус тэмцээний мөнгөн медалийг хүртэв.
