
Сөүлийн цагаар пүрэв гарагт БНСУ Өмнөд Африкт 1:0-ээр хожигдож, шөвгийн 32-т шалгарах эсэхээ бусад тоглолтын үр дүнгээс хамааран хүлээх нөхцөлд орлоо. А хэсэгт дахин тааруу тоглолт үзүүлсний дараа “Улаанууд” тэмцээнээс хасагдвал тэднийг энэ ДАШТ-д хэн ч эргэж санахгүй биз.
Хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарахын тулд ердөө нэг оноо хэрэгтэй байсан ч БНСУ үүнийг авч чадсангүй. Одоо тэдний дараагийн шатанд үлдэх эсэх нь бусдын үр дүнгээс хамаарна. Уг нь нөхцөл байдал ийм хэмжээнд хүрэх ёсгүй байсан юм.

Дасгалжуулагч Хон Мён Бод Мексикт талархах хэрэгтэй. Учир нь байдал үүнээс ч дор байж болох байв. Хэсгийн тэргүүн байраа хэдийнэ баталгаажуулсан зохион байгуулагч орон Чехийг ялж чадсан. Хэрэв Чех ялсан бол БНСУ хэсгийн хамгийн сүүлд бичигдэх байлаа.
FIFA-гийн чансааны 61-д бичигддэг, БНСУ-аас 38 байраар доогуур чансаатай Өмнөд Африкийн Тапело Масако тоглолт эхэлснээс хойш нэг цагийн дараа гоолдож, багаа түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарууллаа. Харин БНСУ илт сул өрсөлдөгчийн эсрэг хариу барих ямар ч санаачилга, бүтээлч байдлыг гаргаж чадсангүй. Тэмцээний эхний тоглолтод Чехийг 2:1-ээр хожсон ялалт нь БНСУ-ын хүч чадлаас илүүтэй Чехийн сул байдалтай холбоотой байсан юм шиг харагдаж байна.

Өмнөд Африкийн эсрэг тоглолтод Сон Хын Мин өмнөх хоёр тааруу тоглолтынхоо дараа сэлгээнээс эхэлсэн. Энэ нь дасгалжуулагчийн хувьд том шийдвэр байсан ч 33 настай ахлагч довтолгоонд үр нөлөө багатай байсан тул тийм ч үндэслэлгүй алхам биш байв. Гэвч энэ шийдвэр үр дүнд хүрсэнгүй. Ахлагч хоёрдугаар үе эхлэхэд талбайд гарсан ч ялгаа гаргаж чадсангүй. Мөн Германд төрсөн од Йенс Кастроп сэлгээнээс орж ирэн идэвхтэй тоглосон ч эмх замбараагүй тоглолтыг өөрчилж чадаагүй.
Энэ нь багийн бүх гишүүдийн хувьд дахин нэг урам хугалсан тоглолт болсон ч хамгийн их асуултад хариулах хүн нь дасгалжуулагч Хон юм. Гурван хамгаалагчтай схемээсээ яагаад зууралдсаар байгаа нь хөгжөөн дэмжигчдийн хувьд хамгийн том асуулт болж байна. Учир нь энэ тоглолтын хэлбэр түүнд байгаа тоглогчдод тохирохгүй байгаа нь бараг тодорхой харагдаж байна. Тэр ч бүү хэл эхний тоглолтод Чехийг хожиход ч хүртэл маш сул тоглож байгаа Чехийн баг БНСУ-д асуудал үүсгэж байсан.

БНСУ гуравдугаар байр эзэлсэн шилдэг багуудын нэг болж дараагийн шатанд шалгарах магадлалтай. Гэвч сулхан хэсэгт ийм байдалд хүрсэн нь өөрөө урам хугалсан үзүүлэлт юм. Ингэснээр дараагийн шатанд тэд хүчирхэг багуудын нэгтэй таарах магадлал өндөр болсон. Одоогийн байдлаар “Улаанууд” хэнийг ч ялж чадна гэж хэлэхэд хэцүү л байна.
БНСУ дараагийн шатанд арайхийн шалгарч магадгүй ч нутаг буцах өдөр нь холгүй байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Мөн хуучин домогт тоглогч Хон Мён Бо олон улсын түвшинд амжилттай дасгалжуулагч байхад шаардлагатай чанарыг харуулахгүй байгаа тул түүний дасгалжуулагчийн ажил ч удаан үргэлжлэхгүй байх магадлалтай.
Эх сурвалж: The Korean Times