
Камбож улс онлайн залилангийн төвүүдийг таслан зогсоох зорилготой анхны хуулийн төслөө боловсруулсан тухай мэдэгдлээ. Тус улс эдгээр төвүүдийг дөрөвдүгээр сарын эцэс гэхэд бүрэн хаана гэж өмнө нь амласан юм.
Камбож улс нь интернетээр дамжуулан хуурамч хөрөнгө оруулалтын санал, мөн хуурамч хайр сэтгэлийн харилцаа ашиглан хүмүүсээс мөнгө залилдаг томоохон сүлжээний төвүүд байрладаг газруудын нэг гэж тооцогддог. Дэлхий даяар хохирогчид жил бүр арван тэрбум ам.доллараар хэмжигдэх хэмжээний мөнгөө ийм залиланд алдаж байгаа гэсэн тооцоолол бий.
Үүний зэрэгцээ олон мянган хүн, ялангуяа Азийн бусад орноос, хуурамч ажлын саналд хууртагдан Камбож руу ирж, дараа нь бараг боолын хөдөлмөртэй адил нөхцөлд залилангийн төвүүдэд албадан ажиллуулдаг тохиолдол олон гарсан.
Камбожийн Мэдээллийн сайд Нэт Пийктра мэдэгдэлдээ “Энэ хууль нь Камбож улсын хувьд онлайн залилантай тэмцэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөн Камбож улс гэмт хэрэгтнүүдийн диваажин эсвэл аюулгүй орогнол биш гэдгийг харуулах хамгийн чухал хууль эрх зүйн хэрэгсэл болно” гэж хэлжээ.
Засгийн газрын танхимаар батлагдсан шинэ хуульд технологид суурилсан залилангийн вэбсайт зохион байгуулсан эсвэл удирдсан тохиолдолд 5-10 жилийн хорих ял,500 саяас 1 тэрбум риелийн торгууль (ойролцоогоор 125 000–250 000 ам.доллар) оногдуулахаар тусгасан байна.
Хэрэв хэрэг нь хүн худалдаалах, хүчирхийлэл, хорих, албадан саатуулах зэрэгтэй холбоотой бол 10-20 жилийн хорих ял, 2 тэрбум риел хүртэл торгууль (ойролцоогоор 500 000 ам.доллар); залилангийн төвтэй холбоотойгоор хүн нас барсан тохиолдолд 15-30 жилийн хорих ял, эсвэл насан туршийн хорих ял оноохоор заажээ.
Ийм төвөөс зугтахыг оролдсон ажилчид нас барсан тохиолдол гарч байсан байна. Гэхдээ уг хууль хүчин төгөлдөр болохын тулд Парламентын баталгаа шаардлагатай.
Онлайн залилангийн эсрэг комиссыг хариуцдаг Ахлах сайд Чхай Синарит Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа 7-р сараас хойш онлайн залилан явуулдаг гэж сэжиглэгдсэн 250 байршлыг шалгасан, ойролцоогоор 200-г нь хаасан гэж мэдэгджээ.
Мөн 7-р сараас хойш энэ төрлийн гэмт хэрэгт 79 эрүүгийн хэрэг үүсгэж, 697 хүн (залилангийн бүлгийн толгойлогч болон хамсаатнууд) холбогдсон байна.
Камбож улс нийт 23 орноос ирсэн 10 000 орчим “залилангийн төвийн ажилтныг” эх оронд нь буцаасан бөгөөд одоогоор 1000 орчим хүн буцахаа хүлээж байгаа аж. Зарим нь цагдаагийн ажиллагааны үеэр суллагдсан эсвэл өөрсдөө зугтаж буцсан байна.
Сайд Нэт Пийктра хэлэхдээ “Камбожийн нэр хүнд болон эдийн засгийг хамгаалахын тулд Засгийн газар энэ гэмт хэрэгтэй хатуу тэмцэж байна. Онлайн залилангаас Засгийн газар ямар ч орлого олдоггүй” гэжээ.
Гэсэн ч Камбож өмнө нь ч ийм хяналт шалгалтын ажиллагаа явуулж байсан боловч залилангийн сүлжээг бүрэн зогсоож чадаагүй тул зарим шинжээчид энэ удаагийн арга хэмжээний үр дүнд эргэлзэж байна. Хил дамнасан гэмт хэргийн шинжээч, Harvard University Asia Center-ийн судлаач Жэйкоб Симс хэлэхдээ “Гол асуулт бол энэ ажиллагаа залилан явагддаг барилгуудыг л онилж байна уу, эсвэл бүхэл системийг нь онилж байна уу гэдэгт оршино. Өмнөх ажиллагаанууд ихэвчлэн санхүүгийн болон хамгаалалтын сүлжээг хэвээр үлдээж, үйл ажиллагаа дахин хурдан сэргэх боломжийг олгож байсан” гэжээ.