
Индонезийн усан онгоц энэ сарын эхээр хөмөрч осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо даваа гарагийн байдлаар 66-д хүрчээ.
Эрлийн ажиллагаа 16 дахь өдрөө үргэлжилж байна. Шумбагчид шатахуун алдагдсан, тогтворгүй, аюултай хийцтэй онгоцны дотор 69 сураггүй зорчигчийг эрэн хайж байгааа юм.
“Virgo Transport 8” гатлага онгоц есдүгээр сарын 13-ны өглөө цаг агаарын таагүй нөхцөлд Зүүн Ява мужийн Сурабая хотоос Өмнөд Калимантан мужийн Банджармасин хотыг чиглэн явж байхдаа хөмөрчээ. Онгоцонд багийн 30 гишүүн багтсан 243 хүн зорчиж байв.
Индонез улс 17 000 орчим арлыг хооронд нь холбохдоо гатлага онгоцны үйлчилгээнд ихээхэн түшиглэдэг. Далайн тээвэр нь нислэгээс хямд, хүртээмжтэй хэдий ч тус улсад гатлага онгоцтой холбоотой осол олон.
Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах албан тушаалтан Хардиансях Путра шумбагчид хамгийн ихдээ 27 метрийн гүнд ажиллах боломжтой гэж хэлжээ.
Хөлөг живсэн Явагийн тэнгисээс олдсон зарим цогцсыг даваа гарагт нисдэг тэргээр зөөвөрлөн гаргахаар төлөвлөж байсан талаар тус агентлагийн ахлах албан тушаалтан И Путу Судаяна мэдээлсэн байна.
Путугийн хэлснээр, олон арван шумбагч 4277 тоннын жинтэй хөлгийн дотор орж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж байгаа боловч тогтворгүй хийц, хөлгийн хажуу тийш хазайсан байдал, дотор нь тархсан хурц ирмэгтэй аюултай зүйлс хүндрэл учруулж байна. Үүнээс гадна өтгөн хий хуримтлагдсан болон шатахуун алдагдсан нь шумбагчдын эрүүл мэндэд нэмэлт эрсдэл үүсгэжээ.
Шумбагчдын өмнө тулгарч буй өндөр эрсдэлтэй нөхцөл байдал эрлийн ажиллагааг удаашруулж, сураггүй болсон хүмүүсийн ар гэр, найз нөхдийн зовнилыг улам нэмэгдүүлжээ.
Агентлагийн мэдээллээр, одоогийн байдлаар ослоор 66 хүн амиа алдаж, 108 хүн амьд үлдсэн бол 69 хүн сураггүй хэвээр байна.