
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн татвартай холбоотой дараах зургаан хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Засгийн газраас өргөн мэдүүлсэн татвартай холбоотой хуулийн төслүүдийг АН-ын бүлэг дээр хэлэлцэх шаардлагатай байна. Танилцуулга нь хийгдээгүй байгаа. Тиймээс Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн татвартай холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байна" гэв. Түүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс бусад бүх төслийг нь хойшлуулахыг дэмжлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Татвартай холбоотой бүх хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх нь зүйтэй" гээд Б.Пүрэвдорж нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс дөрөв хоногийн завсарлага авлаа.