
Их Британийн хунтайж Харри болон түүний гэр бүл ирэх сард Их Британид айлчлах гэж байгаа талаар Британийн хэвлэлүүд мэдээллээ.
Сассексийн гүнгийн гэр бүл хүүхдүүд болох Сассексийн ханхүү Арчи, гүнж Лилибет хоёроо ч авч ирэх гэнэ.
BBC, Telegraph болон ITV News-ийн мэдээлснээр энэ нь тус гэр бүлийн хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Их Британид гэр бүлээрээ хийж буй анхны айлчлал болох юм.
Харри болон Меган нар одоо АНУ-ын Калифорни мужид амьдардаг. Тэд 2020 онд хааны гэр бүлийн албан үүргээсээ татгалзсаны дараа Их Британиас Хойд Америк руу нүүсэн билээ. Түүнээс хойш Харригийн гэр бүл хааны гэр бүлийн бусад гишүүдтэй удаан хугацаанд үргэлжилсэн, олон нийтийн өмнө ил болсон зөрчилдөөнтэй харилцаатай байгаа юм.
Сассексийн гэр бүл Их Британиас явах болсон шалтгаанаа телевизийн ярилцлага болон Харригийн дурсамж номондоо тайлбарлахдаа шар хэвлэлийн тасралтгүй дарамт, Британийн байгууллагуудад байдаг гэж үзсэн арьс өнгөөр ялгаварлах үзэл, цахим орчны доромжлол, гэр бүлийн төвөгтэй харилцаа, мөн санхүүгийн хувьд бие даах хүсэл зэрэг хүчин зүйлсийг дурдсан юм.
Өнгөрсөн жилүүдэд 41 настай Харри хэд хэдэн удаа богино хугацаагаар эх орондоо буцаж ирсэн.
Тухайлбал, 2022 онд эмээ Хатан хаан II Элизабазетийн оршуулгад оролцох, 2023 онд эцэг Хаан Чарльз III-ын хаан ширээнд залах ёслолд оролцохоор ирж байжээ.
Мөн Харри өнгөрсөн оны есдүгээр сард Англид ирж, эцэгтэйгээ уулзсан нь тэдний 19 сарын дараах анхны нүүр тулсан уулзалт болсон юм.
Түүний Их Британид хийсэн хамгийн сүүлийн айлчлал энэ оны нэгдүгээр сард болсон. Тэрээр Daily Mail сониныг эрхлэн гаргадаг хэвлэлийн компанийн эсрэг хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр өөр бусад хүмүүсийн хамт гаргасан нэхэмжлэлийн шүүх хуралд оролцжээ.
Харри өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэх хүсэлтэй байгаагаа олон удаа илэрхийлж байсан ч өнгөрсөн жилийн эцэгтэйгээ хийсэн уулзалтын дараа хааны гэр бүлийн дотоод зөрчил намжиж магадгүй гэсэн таамаг өрнөсөн юм.
Гэхдээ ирэх сарын айлчлалын үеэр хаан Чарльз ач, зээ нартайгаа уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ удаагийн айлчлал нь Харригийн 10 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулсан, дайнд шархадсан болон бэртэж гэмтсэн цэргийн алба хаагчдад зориулсан хоёр жил тутам зохион байгуулагддаг Invictus Games наадмын дараагийн тэмцээн эхлэхэд нэг жил үлдсэнийг тэмдэглэх арга хэмжээнүүдтэй давхцаж байгаа аж.