
Өдгөө нийт нутгийн 74 хувьд цастай байгаагаас цасны зузаан хамгийн ихдээ Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 сантиметр байна. Харин цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар багасжээ.
Гэвч бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгой өссөн аймаг, сумдын нутгаар өвөлжилт хүндэрч, нийт нутгийн 17 хувьд нь зудын их эрсдэл үүсэж болзошгүй байгаа юм.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.
Зудын эрсдэлийг 2025 оны 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, 21%-д хүндрэлгүй байхаар байна.
Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увсын ихэнх нутгаар их, Ховд, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын зарим нутгаар дунд болон их, Хөвсгөл, Архангай, Булган, Дундговийн ихэнх нутгаар дунд зэрэг хүндрэлтэй байх төлөвтэй байгаа юм.
Тэрчлэн өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, харин 40 гаруй хувьд хэтэрч гарсан байна. Иймд бэлчээрийн даац хэтрээд байгаа өнөө үед малын тоо толгойнд биш чанарт анхаарах хэрэгтэй болов. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар даац олон дахин хэтэрчээ.
Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 58.1 сая мал тоологдсон байна. Улмаар малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Малын тоог төрлөөр нь авч үзвэл:
Харин нийт мал сүргээс хонь 41.1 хувь, ямаа 39.9 хувь, үхэр 9.4 хувь, адуу 8.8 хувь, тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байгаа аж. Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр бэлчээрийн даац хэтэрсэн нутгуудад өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл өндөр гарчээ.
Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгаа юм.