
Банкны гүйлгээ зуурхан саатахад л орон хотын амьдрал эмх замбараагаа алдсан мэт үймэлдэх нь технологиос бүрэн хамааралтай болсон бидний дүр зураг. Цахим гүйлгээ худалдаанаас эхлээд нийгмийн сүлжээний нүсэр ачаалал, хиймэл оюуны дата төвүүдийн ажиллагааг үүлэн технологи эсхүл хиймэл дагуулын интернэтээр дамждаг гэж олонх нь төсөөлдөг биз. Гэвч бодит байдал дээр тив хоорондын дата урсгалын 95 хувь нь далайн гүн дэх шилэн кабелаар дамждаг. Нүднээс далд, далайн түнэр ёроолд хэвтэх эдгээр нарийн кабелууд угтаа орчин үеийн нийгмийг хөдөлгөгч гол хүч юм.
Тиймдээ ч Австралийн Батлан хамгаалахын сайд Ричард Марлес далайн гүний кабелийг “Орчин үеийн соёл иргэншлийн артерийн судас” хэмээн тодорхойлсон удаатай. Тивүүдийг усан доогуур холбох 500 гаруй кабелийн нийт урт 1.4 сая километр. Атлантын далайг гатлах нэг кабель л гэхэд хэдэн зуун сая долларын өртөгтэй. Эхэндээ төрийн төсөл байсан ч Google, Meta, Amazon, Microsoft зэрэг компаниуд өөрсдийн глобал кабелийн сүлжээг барьж эхэлснээр тив хоорондын мэдээллийн урсгал бүхэлдээ технологийн аваргуудын гарт төвлөрсөн гэж хэлж болно.
Сүүлийн жилүүдэд ойрмогхон тохиох байгалийн гамшиг хийгээд геополитикийн тогтворгүй байдлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг, харилцаа холбоог тэг зогсоож мэдэх амин чухал дэд бүтцийн бүрэн бүтэн байдал улам бүр санаа зовоох боллоо.
Ертөнцөөс тасрахад
Далайн гүний кабель хэр эмзэг болохыг харуулсан үйл явдал Номхон далайн жижиг арал Тонга улсад 2022 онд тохиолдсон. Хунга-Тонга галт уул дэлбэрч, газар хөдлөхөд далайн ёроолд үүссэн хөрсний нуралт, чулуулаг урсгал Тонга арлыг дэлхийтэй холбодог цорын ганц олон улсын кабелийг тасалж орхив. Тонга арал хэдэн өдрийн турш гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, “дижитал харанхуй” нөмөрсний үр дагавар нь зөвхөн сошиал медиа хаагдахаар хязгаарлагдсангүй, нийгмийг тэр чигт нь сандаргасан билээ. Тухайлбал, АТМ-ууд ажиллахаа больж, банк дансны үлдэгдэл шалгаж чадахгүй болсноор бэлэн мөнгөний хомсдол үүсэв. Цаашлаад интернэтэд холбогдож байж системээ ажиллуулдаг тохиргоо бүхий нарны зайн хураагууртай айл өрхүүд эрчим хүчний хязгаарлалтад өртсөн. Тонгагийн олон улсын кабелийг засахад 5 долоо хоног зарцуулсан бол дотоод арлуудыг холбосон сүлжээг бүрэн сэргээхэд бүтэн 18 сар шаардагдсан юм. Ганцхан кабелиас хамааралтай байхын уршгийг хангалттай мэдэрсэн Тонга арал саяхан Австрали болон Шинэ Зеландын тусламжтайгаар хоёр дахь шугамаа ашиглалтад орууллаа.
Тонгад байгалийн гамшиг нөлөөлсөн бол Балтийн тэнгист хүний гараар үйлдэгдсэн, зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа буюу “гибрид дайн” өрнөж байна гэж хэлж болно. Орос улс Украиныг түрэмгийлснээс хойш Балтийн бүс нутагт кабель, хийн хоолой сэжигтэйгээр тасрах, гэмтэх явдал түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрчээ.
Европын батлан хамгаалах хүчнийг барьц алдуулсан хэд хэдэн томоохон хэрэг явдлыг дурдвал:
2023 оны аравдугаар сард Финланд, Эстонийг холбосон “Balticonnector” хийн хоолой болон холбооны кабелийг Хятадын “NewNew Polar Bear” хөлөг онгоц таслав. Оросын боомтоос гарч явсан уг хөлөг санаатай ч гэмээр зангуугаа далайн ёроолоор хэдэн арван миль чирсэн байдаг аж.
2024 оны арваннэгдүгээр сард Литва-Шведийн “BCS East-West” болон Финландыг Германтай холбодог нэн чухал “C-Lion1” кабелиуд ердөө 24 цагийн дотор зэрэг тасрав. Энэ удаад Хятадын “Yi Peng 3” хэмээх ачааны хөлөг онгоц мөн л Оросын боомтоос бордоо ачиж гараад, кабель тасрах үед яг тэр цэгт зангуугаа чирч явсан нь илэрсэн юм. Сэжигтэй нь тус хөлгийн багийн бүрэлдэхүүнд орос далайчид багтдаг агаад Оросын тэнгисийн цэргийн чирэгч онгоц хөлгийг хамгаалах зорилгоор дагалдаж явсан баримт бий.
2024 оны Зул сарын өдөр Оросын “Eagle S” хэмээх газрын тосны танкер зангуугаа далайн ёроолоор бараг 100 орчим километр чирч, Финланд Эстонийг холбосон “Estlink 2” цахилгааны кабель болон холбооны дөрвөн шугамыг нэгэн зэрэг тастав.
Германы Батлан хамгаалахын сайд Борис
Писториус эдгээр үйл явдлыг “хэн ч санамсаргүй гэж итгэхээргүй илэрхий хорлон
сүйтгэх ажиллагаа” хэмээсэн ч ОХУ албан ёсоор үгүйсгэдэг. Тэдний “зангуу
салхинаас болж алдагдсан” гэх тайлбарыг барууны тагнуулынхан НАТО-гийн орнуудын
тэвчээрийг шалгах, хямралын үед интернэт холболтыг нь хэрхэн хааж чадахаа
харуулсан сүрдүүлэг гэж үзсэн билээ. Өнгөрсөн хавар Их Британийн тэнгисийн цэрэг
Атлантын далайн хойд хэсэгт кабелийн дээгүүр нууцаар тандалт хийж байсан Оросын
гурван ч шумбагч онгоцыг илрүүлж, хатуу сануулга өгөөд байна.
Шинэ бай-Хиймэл оюун ухааны төвүүд
Балтийн тэнгисээс дутахгүй Ойрхи Дорнодын усан замууд дэлхийн геополитикийн халуун цэг. Тэр дундаа Улаан тэнгис болон Ормузын хоолой нь Ази, Европ, Африкийг холбосон дижитал хурдны замын гол зангилаа юм.
Европ, Азийн хоорондох интернэт урсгалын бараг 90 гаруй хувь нь Улаан тэнгисийн ёроолоор дайран өнгөрдөг. Гэтэл 2024 онд тус бүс нутагт Йемений хуситуудын пуужингийн халдлагад өртөж живсэн ачааны хөлөг онгоцны зангуу далайн ёроолын дөрвөн томоохон кабелийг тастсанаар Ази-Европын хоорондох дата урсгалын 25 хувь нь шууд зогсож, олон улсын компаниуд сүлжээгээ Африкийг тойруулан урт замаар шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират түүхэнд байгаагүй нүсэр Хиймэл оюун Ухааны (AI) дата төвүүдийг байгуулж эхэлснээр булангийн орнуудын интернэт урсгалын эмзэг байдал анхаарал татах боллоо. AI-ийн өгөгдөл боловсруулах, дамжуулах хурд асар их хэмжээний зурвасын өргөн (bandwidth) шаарддаг тул далайн доорх кабелийн ач холбогдол улам бүр нэмэгдсэн. Зөвхөн энгийн интернэт гэлтгүй, дэлхийн санхүүгийн гүйлгээ, үүлэн технологийн системүүд секунд дотор зогсох эрсдэлтэй атлаа энэ бүс нутгийн зөөлөн дэд бүтэц Ормузын хоолойн ёроолд байх арав гаруй кабелиас шууд хамаардаг дутагдалтай. Тиймдээ ч Ираны төрийн мэдлийн хэвлэлүүд Ормузын хоолойн доорх кабелиудын нарийвчилсан газрын зургийг нийтэлж, “эдгээр цэгүүд маш эмзэг, халдлагад өртөхөд бэлэн” гэж нээлттэй сүрдүүлсэн нь барууны орнууд төдийгүй дэлхийн технологийн аваргуудыг түгшүүрт автуулаад буй. Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй шилэн кабелиудад Иран улс тусгай зөвшөөрөл олгож, татвар авах ёстой гэсэн санаа цухуйлгаж эхэлмэгц Meta компани 45 000 км урт кабель татахаар төлөвлөж байсан “2Africa Pearls” төслөө түдгэлзүүллээ.
Дрон шумбагчдын эрин
Гэхдээ далайн гүн дэх энэхүү “нууц дайн”-д улс орнууд зүгээр суухыг хүссэнгүй. АНУ, Их Британи, Австрали гурван улсын батлан хамгаалахын холбоо (AUKUS) тавдугаар сард Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаар далайн ёроолын дэд бүтцийг хамгаалах түүхэн тохиролцоонд хүрэв.
Тэд ирэх жилээс эхлэн усны гүнд бие даан ажиллах, алсын удирдлагат хүнгүй шумбагч дроныг олноор үйлдвэрлэж, далайн ёроолыг хамгаалалтад авна. Далайн гүнд урт хугацаанд хүний оролцоогүйгээр эргүүл хийх чадвартай дронууд нь кабелийн дагуу хөвж ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн, зориудын гэмтэл эсвэл кабельд ойртсон усан онгоцыг илрүүлдэг. Шумбагч дронууд зөвхөн харах биш, усан доорх тэсрэх бөмбөгийг илрүүлж устгах, шумбагч онгоцны эсрэг тагнуулын ажиллагаа явуулах чадвартай “cutting edge” мэдрэгчээр тоноглогдож байна. Атлантын далайд Оросын заналхийллийг сөрөхийн тулд Их Британи “Atlantic Bastion” хөтөлбөрийн хүрээнд ийм төрлийн дронуудыг хэдийнэ туршиж эхэлжээ.