
Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр 2026 оны эхний долоон сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Танилцуулгын үеэр өгсөн ажиллах хүчний оролцооны талаарх мэдээллээс онцлох баримтуудыг хүргэе.
Ажиллах хүчний судалгааны 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 61.5 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 38.5 (906.2 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам аж.
Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан ба нийт 1.4 сая ажиллах хүчний 94.5 (1.3 сая) хувийг ажиллагч, 5.5 (79.3 мянга) хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 58.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар буурчээ.
Товч тоон мэдээллээр харуулбал:
Нийт хүн ам ба оролцоо (15+ насны иргэд)
Ажиллах хүч: 61.5% (1.4 сая) — Өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурсан
Ажиллах хүчнээс гадуурх хүн ам: 38.5% (906.2 мянга)
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин: 58.1% — Өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар буурсан
Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
Ажилгүй иргэд: +13.4 мянгаар өссөн
Боломжит ажиллах хүч: +25.9 мянгаар өссөн
Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид: 741 хүнээр буурсан
Ажиллагсдыг салбараар нь хуваарилбал:
Үйлчилгээний салбар: 52.3% (714.9 мянга) — Өмнөх оны мөн үеэс 3.2 нэгж хувиар өссөн
Аж үйлдвэр, барилгын салбар: 24.0% (328.5 мянга)
Хөдөө аж ахуйн салбар: 23.7% (324.7 мянга) — Өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар буурсан
ХАА-гаас бусад гол дэд салбарууд:
Бөөний болон жижиглэн худалдаа, засвар: 12.5% (171.0 мянга)
Боловсрол: 9.1% (124.5 мянга)
Барилга: 7.9% (108.1 мянга)
Уул уурхай, олборлолт: 6.9% (94.3 мянга)
Боловсруулах үйлдвэр: 6.8% (93.4 мянга) — Өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар буурсан
Ажилгүй байгаа болон идэвхгүй байгаа гол шалтгаанууд
Ажилгүй иргэд (79.3 мянга):
32.9% — Ажил хайгаад олдохгүй байгаа
12.2% — Суралцдаг
9.9% — Улирлын чанартай
7.7% — Мэргэжил, туршлагагүй
6.1% — Жирэмсэн / хүүхэд асарсан
Боломжит ажиллах хүч (50.1 мянга):
42.2% — Тэтгэвэрт гарсан
15.7% — Жирэмсэн / хүүхэд асарсан
6.3% — Сургууль төгссөн болон одоо суралцаж буй
5.2% — Ажил хайгаад олдохгүй байгаа
5.1% — Бусдыг асарсан гэсэн шалтгаантай байна.