
МУИС-ийн тавдугаар дотуур байрны халуун ус сар гаруй хугацаанд тасарчээ. Энэ нь тухайн орчимд байрлах найм, есөн байгууллагын ашигладаг халуун усны далд шугам цоорсонтой холбоотой аж.
Энэ талаар МУИС-ийн тавдугаар дотуур байрны Зохион байгуулагч С.Туяа мэдээлэл өглөө. Тэрээр "МУИС-ийн хоёрдугаар сургууль, тавдугаар байрны орчимд байрлах найм, есөн байгууллагын ашигладаг халуун усны далд шугам цоорсон. Манай байгууллагын сангийн инженерүүд засварлах санал гаргасан ч уг шугам нь хэд хэдэн байгууллагын дундын өмч учраас асуудлыг дангаар шийдвэрлэх боломжгүй юм билээ. Урьдчилсан тооцоогоор, шаардлагатай сэлбэг хэрэгслийн зардал 12 сая төгрөгт хүрэхээр байгаа юм. Сургуулийн удирдлагууд хуралдаж, өөрсдийн зүгээс хэдэн хувийг нь гаргах боломжтой талаар ярилцсан. Гэвч бусад байгууллагууд төсвөө тодорхой гаргаж өгөхгүй байгаа учраас асуудал шийдэгдэхгүй сунжирсаар байна" гэв.
Дотуур байрны халуун ус урт хугацаанд тасарсан нь оюутнуудад багагүй хүндрэл үүсгээд байна. Энэ талаар МУИС-ийн дөрөвдүгээр түвшний оюутан Б.Буян-Өлзий "Байрны халуун ус тасарснаас болж хувийн ариун цэврийг сахих, угаалга хийх зэрэг наад захын хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй болсон. Оюутнууд гадуур угаалгын газарт хувцасаа угаах эсвэл хүйтэн усаар угаалга хийхээс өөр аргагүй байдаг. Заримдаа хүйтэн усанд орох тохиолдол ч байгаа" гэв.
А.Цагааншүхэрт