
УИХ-ын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Одоогийн зохицуулалтаар төрүүлсэн болон гурван нас хүртэл нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөсөн, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эх өөрөө хүсвэл 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Энэхүү зохицуулалт 2029 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэвээр үйлчилнэ.
Харин хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэвэрт гарах насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр тэтгэвэрт гарах насыг шууд 55 болгохгүй, үе шаттайгаар нэмэгдүүлэх юм.
Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас доошгүй жил төлсөн даатгуулагч эхийн шимтгэл төлсөн хугацааг хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлэн тооцох зохицуулалт үйлчилж байна. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй эхийн шимтгэл төлсөн хугацаанд зургаан жилийг нэмж тооцох юм.