Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Төв банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүгээ 2 нэгж хувиар огцом нэмэгдүүлснээс хойш таван удаа дараалан хэвээр хадгалж буй нь энэ юм. Үүнийгээ одоогийн нөхцөлд бодлогын хүүг өөрчлөх шаардлага үүсээгүй гэж Монголбанк тайлбарлалаа.
Үндэсний Статистикийн Хороо 11 дүгээр сард улсын хэмжээнд инфляц 8.2 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс нэг орчим нэгж хувиар өндөр түвшинд хадгалагдсаныг өнгөрсөн мэдээлсэн.
Монголбанкны мөнгөний бодлогын өмнөх хурлуудад танилцуулсан төсөөллөөс харвал үүний нөлөөлөл энэ оны эцсээр арилж, хэрэглээний үнийн өсөлт саарах төлөвтэй байна.