Японы All Nippon Airways /ANA/ компанийн зорчигч тээврийн онгоц нислэгийн чиглэлээ өөрчилж АНУ-ын Сиэтл хотод газарджээ. Боинг 787-9 Дриймлайнер загварын зорчигч тээврийн онгоц ANA-ын 114 дүгээр нислэгийг үйлдэж байхад зорчигч аваарын хоёр хаалгыг хоёуланг нь нээхийг оролдсон байна. Тус нислэг Японы Ханеда нисэх буудлаас Америкийн Хьюстон хотын Жорж Бушийн олон улсын нисэх буудлыг чиглэж байжээ. Гэтэл онгоцон дотор байсан зорчигч аваарын гарцуудыг нээхийг оролдож үймээн самуун дэгдээснээс болж нислэгийн чиглэлээ өөрчилж хамгийн ойр байгаа Сиэтлд газардахаас өөр аргагүй болсон байна. Уг зорчигчийг нислэгийн багийн гишүүд болон бусад зорчигчид барьж саатуулжээ.

Онгоц Сиэтлийн Такома олон улсын нисэх буудалд газардсаны дараа үймээн гаргасан зорчигчийг эмнэлэгт хүргэж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан тухай Америкийн Холбооны мөрдөх товчооноос мэдээлсэн байна. Арав гаруй цаг үргэлжилсэн нислэг чиглэлээ өөрчлөн Такомад газардах үед өөр нэгэн зорчигч уур бухимдлаа илэрхийлжээ. Тус зорчигч онгоц чиглэлээ өөрчилсөнд бухимдаж онгоцны угаалгын өрөөний хаалгыг цохиж балбасан байна. Энэ үеэр онгоцон дотор байсан зорчигчид, нислэгийн багийн гишүүд бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй. Одоогоор уг хэрэгтэй холбоотой ямар нэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Онгоц хэсэг хугацааны дараа Хьюстон руу нислэгээ үргэлжлүүлжээ.

Сарын өмнө нислэгийн үеэр үүнтэй төстэй үйл явдал болсон. Индонезийн Бали арлаас Австралийн Мелбурн хотын чиглэлд 200 гаруй зорчигчтой нислэгийн үеэр нэг зорчигч онгоцны хаалгыг хүчээр онгойлгохыг оролдсон байна. Энэ үеэр онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисэж байжээ.

АНУ-д нислэгийн үеэр зорчигч эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол 2021 онд хамгийн олон удаа гарчээ. Тус жилд зорчигч нислэгийг саатуулахыг оролдсон 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 2023 онд энэ тоо 2000 болж буурчээ.