
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос Улс тунхагласны ойн барилдаанд хамгийн олон түрүү хүртсэн бөхчүүдийн статистик мэдээллийг танилцууллаа.
Тус барилдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлжээ. Түүний араас улсын аварга Ч.Санжаадамба тав, дархан аварга Г.Өсөхбаяр гурван түрүү хүртсэн амжилтаар удаалж байна.
Улс тунхагласны ойн барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхчүүд
Сонирхуулахад, тус барилдааны сүүлийн хоёр жилийн түрүүг улсын заан С.Сүхбат хүртсэн байна. Тэрээр өнөөдрийн барилдаанд түрүүлбэл гурван жил дараалан түрүүлсэн амжилт үзүүлэх юм.