
Манай улсад хувийн сургуулийг төдийгүй төрийн өмчийн бус сургуульд хүүхдээ сургаж, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйд нь хөрөнгө оруулж байгаа эцэг эхчүүдийг буруутгах, дайсагнах хандлага давамгайлдаг. Анги давхаргын ялгааг гааруулж, тэгш хамруулан сургах боловсролын системийг сааруулж байна гэж хардаг хүн ч олон. Бүр халаглам нь, салбар удирдаж буй сайд нь ч ийм хандлага гаргаж, хувийн хэвшлийн сургуулийг, суралцаж буй хүүхдүүдийг нь цаашлаад ардчилсан нийгэмд аль байгууллагад ажиллах эрхээ эдэлж байгаа багш, ажилчдыг илүү үзэж, эрхийг нь зөрчиж мэдэх мэдэгдэл хийв. Тодруулбал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч даваа гарагт салбарынхандаа болон сэтгүүлчдэд цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцуулсан юм. Мөн үеэр тэрээр "Сүүлийн таван жилд ЕБС-иас сургуулийн менежмент эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн сургуулиудын маш олон багшийг цалингаар татсан байна. Үүнтэй холбоотой судалгааг бид хийж байгаа. Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаана. Тэднийг буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө" гэв.
Үүнийгээ зөвтгөх тайлбар өгөхдөө ерөнхий боловсролын сургуулиудад жил бүрийн хичээлийн жилийн төгсгөлд дунджаар 4000 багшийн сул орон тоо үүсэж, энэ орон тоо нөхөгдөх хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдаж, улмаар сурлагын чанар, хүүхдийн хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлдөг болохыг хөндөв.
Багшийн дутагдал бий болж, тэр нь хүүхдүүдийн сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлж байгаа нь анхаарахаас аргагүй асуудал. Гэхдээ шийдэл нь хүүхдийн суралцах эрхийг, бусдын ажил хөдөлмөр эрхэлж, амьдралын чанараа ахиулах боломжийг хааж, хавчих байж хэрхэвч болохгүй. Энэ нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй ардчилсан нийгмийн үнэт зүйлтэй ч зөрчилдөх юм.
Угтаа улсын сургуулийн хэчнээн багш хувийн сургуульд шилжин ажиллаж байгааг тоолж, тухайн багш нарыг ажиллуулж байгаа сургуулиудтай өс зангидан тооцоо бодох нь Боловсролын яамны ч, салбарын сайдын ч хийх ажил биш. Харин багш нараа тогтвортой ажиллуулахын тулд цалин мөнгийг нь нэмэгдүүлж, ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж, нийгмийн баталгааг нь сайжруулан, төрийн сургуулиудын өрсөлдөх чадварыг чамбайруулах зэрэг бодлогын арга хэмжээ авах нь тэдний гогодох учиртай гол өнцөг. Нэг талбарт, ижил зүг рүү харан эх орны ирээдүй болсон залуучуудыг дэлхийн энд хүргэхийг мэрийж байгаа хувийн хэвшлийн сургуулиудад өстөн дайсан, өрсөлдөгч мэт хандаж байгаа нь хамгийн том алдаа.
Хувийн сургуулиуд үнэхээр улсын сургуулиудын боломжийн булааж, өсөлт, хөгжилд нь чөдөр, тушаа болж байгаа юу гэдэг тун чухал асуулт. Үүнд хариулт хайя. 2025-2026 оны хичээлийн жилд бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад 1 сая 283 мянган суралцагч суралцаж байна. Нийт хүн амын гуравны нэг нь боловсорч, хүмүүжиж, төлөвшиж байгаа энэ салбараас эх орны ирээдүй, эдийн засаг, нийгмийн хөгжил шууд хамаарна. Дэлхийн жишиг ч ийм. Боловсролын салбараас үүдэж бусад бүх талбар хөгждөг учир олонх орон тэргүүн шугамд эгнүүлэн анхаардаг. Харин манайд эсрэгээрээ. Хамгийн их асуудалтай, бодлого нь тогтвортой биш, шийдэл, хийдэл сул гээд дурдаад байвал цаас ч, цаг ч багадах олон бэрхшээл энэ салбарт үүсэж бүр үүрлэсэн. Наад зах нь хүн амын талаас илүү нь суралцаж байгаа Улаанбаатар хотод хүүхэд бүрийг үнэ төлбөргүй сургууль, цэцэрлэгт хамруулах нөөц, нөхцөл алга. Олонх улсын сургуулийн нэг ангид 50-иас дээш хүүхэд хичээллэж, гурван ээлжээр орж, заримд нь сандал, ширээ, байр сууц ч олдохгүй багширч байна. Багш ажилчдын цалин, багш нарын мэдлэг, ур чадвар, хүрэлцээ, сурагчдын сурлагын чанар зэрэг ч жилийн жилд асуудал дагуулдаг. Харин төрийн ачааллаас үүрэлцэж, эх орныхоо ирээдүй болсон багачуудад ээлтэй, чанартай боловсрол олгохоор мэрийж буй нэг субъект бол хувийн сургууль, цэцэрлэг юм. Хэдийгээр хувийн сургууль бизнесийн системээр ажилладаг ч тэнд эрүүл орчин, чанартай боловсрол цогцолж, багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцоо бий болоод байгаа нь ганхаж, гажих аргагүй үнэн.
Улсын хэмжээнд нийт 800 гаруй ерөнхий боловсролын сургууль хичээл, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь буюу 688 нь төрийн өмчийнх бол 180 гаруй нь хувийн хэвшлийнх юм. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171, төрийн бус өмчийн 155 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бараг 50 хувь нь. Тэгэхээр нийслэлд хувийн хэвшлийн сургууль байгаагүй бол төр одоо байгаа дээрээ 50 орчим хувийн ачаалал авч, хүүхдүүдээ сургаж чадахгүйд хүрнэ. Тиймээс хувийн сургуулийг төрийн ачаанаас үүрэлцэж байна гэж тодотгохоос аргагүй. Хүрэлцээ, хүртээмжийг шингэлж, багш нарыг чадавхжуулж, хүүхдүүдэд олон улсын хэмжээний мэдлэг боловсрол олгож байгаагаас зэрэг өргөн агуулгаас гадна Үдийн цай хөтөлбөрт зарцуулах төсвийн мөнгийг ч хэмнэж буй. Улсын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд тус хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилтийг нь төр 100 хувь хариуцдаг. Харин төлбөртэй сургуулийн сурагчдын хоолны зардлыг эцэг, эх бүрэн төлдөг. Хэрэв бүх хүүхэд улсын сургуульд суралцдаг бол одоо “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулж буй мөнгө багадаа 20 хувиар нэмэгдэнэ.
Боловсролын яам хувийн сургуулиудыг илүү үзэж, илт гадуурхаж байгаа анхны тохиолдол ч энэ биш. Төлбөртэй сургуулиудад улсаас өгдөг хувьсах зардлыг танах тухай асуудал үе, үе сөхөгддөг. 2021 онд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журмыг шинэчилж, 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог нэг тэрбум төгрөгийн хувьсах зардлыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Улмаар тус мөнгийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна гэдгээ тухайн үед мэдэгдэж байв. Гэхдээ энэ мөнгө өнгөрсөн хугацаанд юунд хэрхэн зарцуулагдсан нь, үр өгөөжээ яаж өгсөн нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Мөн өнгөрсөн намраас 10 саяас бага төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй байх хэрэгтэй гэх эсэргүүцэл олон нийтийн дунд бий болсон. Улмаар Төсвийн тухай хууль дагалдуулсан УИХ-ын тогтоол дээр хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг зогсоох чиглэл хүртэл орж ирсэн. Энэ мэтээр хувийн сургууль, цэцэрлэгийн хэрэгжүүлж буй ажлынх нь агуулга, ач холбогдлыг анхаарахгүйгээр төрийн сургуулийн боломжийг булааж байгаа мэтээр харж, хэмлэх нь хэвийнд тооцогддог болов.
Улсын сургууль хүртээмжтэй, хүмүүс нь чадварлаг, хөтөлбөр нь чамбай, сургалт нь чанартай бол хэн ч өндөр зардал гаргаж, хүүхдээ хувийн сургуульд өгөх гэж шамдахгүй. Багш нар ч авсан цалин нь амьдралд нь хүрэлцээтэй, ажил, ачаалал нь тэнцвэртэй, өсөх, хөгжих боломж арвин бол байраа сольж, бууриа сэлгэхгүй. Тиймээс боловсролын салбар, салбарын сайд өөрсөд рүүгээ өнгийж, асуудлаа гаднаасаа биш дотроосоо олж харах шаардлагатай байна. Төрийн сургуулиудыг хувийн хэвшлийнхтэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлж, багш нараа ардчилсан системд тулгуурлан, оновчтой бодлогын хүрээнд тогтвортой ажиллуулж чадвал салбарт нь ч, сайдад нь ч тэр жинхэнэ PR болно. Харин биелэх аргагүй, биежих боломжгүй мэдэгдэл, мэдээлэл хийж, өнгөрсөн улирсан руу улиглах нь улс төрийн оноо цуглуулах тактик байхаа больсон.