
Сингапур улс энэ сард унших дадлыг төлөвшүүлэх таван жилийн үндэсний шинэ аяныг эхлүүлжээ. Уг аяны хүрээнд иргэд засгийн газрын цахим хуудсаар дамжуулан уншсан минутуудаа бүртгүүлснийхээ төлөө бага хэмжээний мөнгөн урамшуулал авах боломжтой.
Албаныхан тоглоомчилсон арга буюу унших дадлыг онооны системээр бүртгэж, бага хэмжээний урамшуулал олгох нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, улмаар хүмүүсийн унших зуршлыг эргэн сэргээхэд тусална гэж найдаж байна. Учир нь энэ зуршлыг хүмүүсийн анхаарлыг богино хугацаанд татах боловч “тархины ялзрал”-д хүргэж болзошгүй контентыг тасралтгүй гүйлгэн үзэх буюу doomscrolling -ийг хурдацтай орлож байгаа юм.
“Богино хэлбэрийн контент бидэнд мэдээлэлтэй байхад тусалдаг ч урт хэлбэрийн уншлага нь анхаарал төвлөрөл, шүүмжлэлт сэтгэлгээ болон төсөөлөн бодох чадварыг бэхжүүлдэг” гэж Үндэсний номын сангийн зөвлөлийн тэргүүн Мелисса Там мэдэгдэлдээ дурджээ.
“Эцсийн дүндээ бид улам бүр төвөгтэй болж буй дэлхий ертөнцөд сониуч, эргэцүүлэн боддог, аливааг ялган таних чадвартай, зөв шийдвэр гаргах мэдлэгтэй уншигчдаас бүрдсэн үндэстэн болохыг хүсэж байна” гэж тэр тайлбарлажээ.
Гэхдээ уг хөтөлбөр номын хорхойтнуудыг баяжуулахгүй. Нэг сингапур доллар (0.8 ам.доллар) авахын тулд 50 өдрийн турш унших шаардлагатай. 15 минут буюу түүнээс дээш хугацаагаар унших бүрд 20 виртуал зоос олгоно. Харин нэг сингапур доллар авахын тулд 1000 зоос цуглуулах хэрэгтэй. Өдөрт зөвхөн нэг удаагийн уншлагыг бүртгүүлэх боломжтой.
Энэхүү өвөрмөц хөтөлбөр нь дэлхий даяар хүмүүсийн анхаарал төвлөрөх хугацаа богиносож, унших зуршил буурч буй үед хэрэгжиж эхэлж байна.
Боловсролын салбарынхан хэт өнгөц онлайн контент ихээр хэрэглэхээс үүдэлтэй гэж үздэг танин мэдэхүйн чадварын доройтол буюу “тархины ялзрал”, мөн ямар ч зорилгогүйгээр сошиал медиа, мэдээ мэдээллийг тасралтгүй гүйлгэн үзэх doomscrolling-той тэмцэхэд бэрхшээлтэй тулгараад буй.
Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн үнэлгээний дүнгээр АНУ-ын 15 настнуудын унших чадварын оноо эрс буурсан бол Сингапур, Хятад зэрэг Азийн орнуудын үзүүлэлт харьцангуй өндөр гарсан. Судалгаагаар мөн анги танхим дахь дижитал төхөөрөмжөөс үүдэлтэй анхаарал сарнилт нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болохыг онцолжээ.
Унших үйл явцыг тоглоомчилж, өдөр тутмын дадал болгох нь Сингапурын санаачилгын гол цөм гэж тус улсын Үндэсний боловсролын хүрээлэнгийн судлаач Ло Чин И хэлсэн байна.
“Их уншдаг хүний хувьд 15 минут маш богино хугацаа мэт санагдаж болох ч энэ нь зөв, тохиромжтой эхлэл гэж би бодож байна” гэж унших дадлыг судалдаг Ло CNN-д ярьжээ.
“Хүмүүс дэлгэцэн дээрх үгсийг унших тухай ярих үед олон хүн уншсаар байгааг харж болно. Гэхдээ гүнзгий унших, цаг зарцуулж, унших үйл явцдаа тууштай байх нь өмнөхөөсөө багассан байж болох юм.”
Сургуулиас гадуурх уншлага
Сингапур унших чадварын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг хэвээр байгаа ч сурагчид анги ахиж, илүү том шалгалтуудад бэлдэж эхлэх үедээ унших эрч хүчээ алдах вий гэсэн болгоомжлол бий.
Ажлынхаа хүрээнд техникийн тайлан, мэдээ мэдээлэл их уншдаг Сингапурын эрсдэлийн шинжээч залуучууд дунд сургуульд орсноороо уншихын баяр баяслыг алддаг гэж үздэг байна.
“Өсвөр насанд байх нь нэлээд стресс ихтэй үе байж болно. Томоохон шалгалтууд олон болж, шалгалтаар юу үзэхийг нь л уншиж эхэлдэг. Тэгээд аажмаар чөлөөт цагаараа унших зуршлаа алддаг” гэж 32 настай Айзек Нео хэлжээ. Нео ажил хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш хэдэн жилийн турш ном огт сөхөөгүйгээ анзаарсныхаа дараа 2025 онд Modern Men's Book Club-ийг хамтран байгуулсан байна.
“Би нэлээд олон хүнтэй ярилцсан. Тэдний хувьд энэ клубт нэгдэх гол шалтгаан нь дахин уншиж эхлэх, уншихыг зуршил болгох явдал гэж хэлдэг. Учир нь тэд маш удаан хугацаанд ном уншаагүй байдаг” гэж тэр хэлжээ.
Неогийн хэлснээр номын клубын гишүүд олон жилийн турш ном уншаагүй гэдгээ ярьдаг бөгөөд одоо өмнө нь сонирхож байгаагүй төрлийн ном, зохиолуудыг хүртэл уншиж эхэлж байгаа аж.
Уншсаныхаа төлөө урамшуулал авах энэхүү хөтөлбөр оны эцэс хүртэл туршилтын шатанд хэрэгжиж, “санал хүсэлтийн дагуу шинэ боломж, сайжруулалтууд нэмэгдэнэ” гэж Үндэсний номын сангийн зөвлөл мэдэгдэв.
Уншигчид мөн буяны аянд оролцох боломжтой. Тус байгууллага энэ жил нийт 7.5 сая минутын уншлага бүртгүүлж, 118 300 ам.доллар буюу 150 000 сингапур доллар хүртэлх хандив босгохоор зорьжээ.
Энэхүү хөтөлбөр баян чинээлэг хот-улсад мөнгөөр дамжуулан насан туршийн ном унших дур сонирхлыг бий болгож чадах эсэх талаар маргаан үүсгээд байна.Зарим шүүмжлэгч хүмүүс номыг мөнгөний төлөө бус унших дуртай учраас унших ёстой гэж үзжээ.

Харин хэт их анхаарал сарниулах орчинд хүмүүсийг ном уншихад хүргэж байгаа л бол үүнийг муу зүйл гэж үзэх аргагүй гэж бусад нь хэлжээ.
“Галт тэрэгний буудлаа эсвэл автобусны буудлаа өнгөртөл ном уншиж байгаа хүмүүсийг харахыг би илүүд үзнэ. Галт тэргэнд TikTok болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн хятад драмуудын тасралтгүй дуу чимээ цацагдаж байгааг сонссоноос дээр” гэж Сингапурын ном, амьдралын хэв маягийн контент бүтээгч, 28 настай Чармэйн Лим CNN-д хэлсэн байна.
Номын клуб ажиллуулдаг Эшли Чиа амжилтыг илүү өргөн хүрээнд авч үзэх ёстой гэж үзэж байна. “Уншихыг дадал болгох, хүмүүст эхлэхэд нь багахан түлхэц өгөх гэсэн санаа надад таалагддаг” гэж тэр хэлжээ.
“Хэрэв Сингапур унших соёлыг бий болгохыг хүсэж байгаа бол амжилтыг зөвхөн хүмүүс өдөрт 15 минут уншдаг болсноор хэмжих ёсгүй. Бид илүү сониуч уншигчид болж чадаж байна уу гэдгээр нь ч хэмжих хэрэгтэй. Бид зөвхөн бидэнд шууд хүрч байгаа эсвэл шууд хэрэгтэй зүйлээс гадна өөр зүйл уншдаг болох хэрэгтэй” гэдгийг Эшли Чиа онцлов.
Гэхдээ мөнгөн урамшуулал нь урамшуулал байхгүй болсон үед тухайн зан үйлийг үргэлжлүүлэх хүний төрөлхийн хүсэл сонирхлыг бууруулж болзошгүйг харуулсан судалгаанууд ч бий.
“Мөнгөн урамшуулал нь уншихад аль хэдийн тодорхой хэмжээгээр сонирхолтой хүмүүсийн хувьд үр дүнтэй байж болно. Харин огт сонирхдоггүй хүмүүсийн хувьд мөнгөөр урамшуулах нь удаан хугацааны, дотоод сэдэл бий болгоход хангалтгүй байж магадгүй” гэж Сингапурын Putra Star Care төвийн ахлах клиник сэтгэл зүйч Чарисса Нг хэлжээ.
Жижиг хэмжээний мөнгөн урамшуулал алгоритмаар өдөөгддөг допамины эрэлтэй өрсөлдөж чадах эсэхийг цаг хугацаа харуулах болно.
Олон нийтийн цэвэрлэгээнээс эхлээд бие биедээ эелдэг хандахыг уриалах хүртэл үндэсний хэмжээний кампанит ажлуудаар амжилт олж ирсэн энэ улсад багахан түлхэц, өчүүхэн урамшуулал нь хүмүүсийг номын хуудсыг эргүүлж эхлэхэд хангалттай байж болох юм.
Эцсийн шийдвэр мужийн засгийн газарт байгаа тул энэ шатанд төсөл бүдрэх магадлал бага байна.