Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээнд 52 орны 370 гаруй тамирчин барилдах бөгөөд манай улсаас 15 жүдоч зодоглож байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно. Манай найман жүдоч дэвжээнд гарна. 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д О.Оюунчимэг, Б.Уранзаяа, 57 кг-д М.Цэндбазар, Г.Энхжин нар барилдана. Эдгээр жүдочдоос өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Г.Энхжин нар анхны "Их дуулга" тэмцээнд өрсөлдөх гэж байна.

Эрчүүдээс 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Баасанхүү нар барилдана. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Б.Нармандах нар барилдахаар болжээ.
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00-с эхэлж, медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас болно.

