
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгкүкийн гэрт удаа дараа очиж, мөрдөн мөшгөсөн Бразил улсын иргэнд Сөүлийн дүүргийн шүүх нэг жилийн хорих ял оноосон ч хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн мэдээлснээр нэр нь нууцлагдсан уг эмэгтэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн дуучны гэрийн орчимд байнга ирж, захидал болон гэрэл зураг үлдээдэг байжээ.
Тэрбээр нэг удаагийн үйлдлээрээ Жонгкүкийн гэрийн хонхыг 133 удаа дарсныг шүүх “хэт туйлширсан шохоорхлын илрэл” гэж дүгнэсэн байна.
Эмэгтэйг 2025 оны арванхоёрдугаар сарын 13-нд хүргэлтийн ажилтны араас даган хашаанд нэвтрэхийг оролдсоны дараа баривчилсан ч маргааш нь суллаж, дахин ойртохгүй байхыг анхааруулжээ. Гэвч тэрээр уг шаардлагыг үл тоомсорлон дахин дахин очсоор байсан тул цагдаагийн байгууллага түүнийг гэрээс нь 100 метрийн дотор ойртохыг хориглосон байна.
Гэсэн хэдий ч эмэгтэй нийтдээ 22 удаа тус байранд очсон болохыг шүүх тогтоожээ.
Шүүхээс ял оногдуулахдаа давтан гэмт хэрэг үйлдэх эрсдэл харьцангуй бага гэж үзсэн боловч түүний үйлдэл удаан хугацаанд үргэлжилсэн, санаатай шинжтэй байсан гэж дүгнэсэн байна.
Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдвэл уг эмэгтэйг БНСУ-аас албадан гаргах аж.