
Канадын хамгийн том, ачаалал ихтэй цэргийн баазуудын нэгд томоохон түймэр гарсны улмаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, олон арван хүн гэмтсэн талаар албаныхан ням гарагт мэдээлэв.
Түймэр гарах үед цэргүүд байлдааны сургуулилалт хийж, бодит сум, галт хэрэгсэл ашиглаж байжээ.
Ням гарагийн үдээс хойших байдлаар 39 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас “19 хүний биеийн байдал маш хүнд байгаа” гэж Альберта мужийн Ерөнхий сайд Даниэль Смит мэдэгдэв.
Ерөнхий сайд Марк Карни уг үйл явдлыг “энх цагт Канадын нутаг дэвсгэрт зэвсэгт хүчнийхэнд тохиолдсон хамгийн аймшигт эмгэнэлт явдлуудын нэг” хэмээн тодорхойлов.
Гүнж Патришиагийн нэрэмжит Канадын явган цэргийн 3 дугаар батальоны бие бүрэлдэхүүн бямба гарагт сургуулилалт хийж байх үед түймэр гарсан байна. Түймэр сургуулилалтын талбайгаас нэг километр орчим зайд байсан ч галын тархалтыг хяналтдаа авсан бөгөөд цэргүүдийн байрлаж буй бүс рүү ойртох төлөвгүй гэж үзжээ. Тиймээс баазын сургуулилалтын талбайн хяналтын алба сургуулилалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан гэж тайлбарлав.
Гэвч “ер бусын хүчтэй салхины улмаас түймэр маш хурдан чиглэлээ өөрчилж, тархсан” аж.
Амиа алдсан цэргүүдийн гурав нь байлдагч, нэг нь түрүүч байжээ.