
БНСУ-ын Дэгү хотод зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө. “Дэгү-2026” тэмцээний 35-с дээш насны ангилалд Г.Одхүү Монголын багийн медалийн буухиаг эхлүүллээ.
М35 буюу эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайн уралдааны финалд шалгарсан Г.Одхүү хүрэл медаль хүртлээ. Тэрээр финалын уралдаанд 4:02.33 минутын амжилтаар мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчин боллоо.
Монгол Улсын шилдэг тамирчин, марафонч, гавьяат тамирчин Б.Сэр-Од 40-с дээш насны 5000 метр зайн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн 1500 метр зайн уралдаанд Б.Бямбацогт мөн финалын уралдаанд шалгарч 5:43.77 минутын амжилтаар 4-р байрт орсон. Тэгвэл энэ амжилтыг 35-с дээш насны ангилалд өрсөлдсөн Г.Одхүү ахиулж, медальт байранд шалгарлаа.
“Дэгү 2026” тэмцээнд Монгол Улсын багаас гавьяат тамирчин Ц.Раднаа, Т.Цэрэндолгор болон Д.Буяндэлгэр нар 5-с дээш медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиуллаа. 90-с дээш насны ангилалд өрсөлдсөн Ц.Раднаа 400 метр болон 1500 метр зайн уралдаанд түрүүлж, энэ тэмцээнээс зургаан алтан медаль хүртэн баг тамирчдаа тэргүүлэв.
106 орны баг тамирчид өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсын баг 17-р байр руу дэвшлээ. Өнөөдөр, маргааш сүүлийн төрлүүд болж, медальтнууд тодорсноор нэгдсэн дүн гарах юм.
