
Энэ зуны Wireless Festival гол уран бүтээлчээр оролцох ёстой байсан Кэня Уэст (одоо Еэ гэж нэрлэгддэг болсон)-ийг Их Британи руу орохыг хориглосон шийдвэр гарсны улмаас цуцлагджээ.
Их Британийн Засгийн газар энэ зун Лондон хотод болох фестивальд тоглохоор төлөвлөсөн Кэня Уэстэд зорчих зөвшөөрөл өгөхөөс татгалзсан байна.
Кэня Уэст нь сүүлийн жилүүдэд еврейчүүдийг доромжилсон, арьс өнгөөр ялгаварласан болон нацист үзэл санааг дэмжсэн агуулгатай мэдэгдлүүд хийснээр шүүмжлэлд өртөж ирсэн.
Хөгжмийн наадмыг зохион байгуулагчдын хийсэн мэдэгдэлд Wireless Festival цуцлагдсан бөгөөд тасалбар авсан бүх хүмүүст мөнгийг нь буцаан олгоно гэжээ. Мөн Кэня Уэстийг гол уран бүтээлчээр сонгохоос өмнө “олон талын оролцогчид”-той зөвлөлдөхөд ямар нэгэн асуудал илрээгүй гэж тайлбарласан байна. Түүнчлэн “Бүх хэлбэрийн антисемитизм нь жигшүүртэй бөгөөд эдгээр асуудлууд хүмүүсийн амьдралд бодит нөлөө үзүүлж байгааг бид ойлгож байна” гэжээ.
Даваа гарагт урьдчилсан худалдаанд гарсан тасалбарууд мягмар гарагийн үдэд дууссан гэж үзэж байгаа бөгөөд ердийн худалдаа лхагва гарагт нээгдэхээр төлөвлөгдсөн байжээ. Гэвч Их Британийн Дотоод хэргийн яам Кэня Уэстийг Electronic Travel Authorisation (ETA)-аар дамжуулан зорчихоор хүсэлт гаргасан боловч зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Ингэхдээ Их Британийн засгийн газар түүний оролцоо “олон нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй” гэж үзсэн байна. Их Британи руу богино хугацаагаар (6 сар хүртэл) виз шаардлагагүй зорчих бол ETA шаардлагатай байдаг.
Мөн засгийн газар антисемитизмтэй тэмцэхээ үргэлжлүүлэх бөгөөд олон нийтийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэжээ. Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стрийтинг мөн адил байр суурь илэрхийлж, Кэня Уэстийн уучлал гуйсан байдал, хүсэлтийг хангалтгүй хэмээн шүүмжилжээ.