
Ээждээ гологдсоны дараа тоглоомон хүүхэлдэй тэвэрч эхэлснээрээ цахим орчинд алдаршсан бяцхан макак Панчийн нэр хүнд амьтны хүрээлэнгийн зочдын тоог эрс өсгөжээ.
Панчийн алдар нэрийн улмаас Токиогийн ойролцоох Ичикава хотын амьтны хүрээлэнд ирэх зочдын тоо эрс өссөн ч ням гарагт хэт туйлширсан нэгэн фенийн үйлдлийн дараа цагдаа дуудах хэрэг гарсан байна.
Өглөөний 11 цагийн орчимд хүүхэлдэйн киноны дүр мэт цэнхэр хувцас, том шар эможи толгой өмссөн эрэгтэй Панчийн 1.5 метр өндөр хашааг даван оржээ.
Гэрчүүдийн мэдээлснээр тэрээр өөрийн өмссөн хувцастай ижил хүүхэлдэй барьсан байсан бөгөөд том толгойгоо унагачихгүйг хичээн амьтдын бүс рүү орсон аж.

Хоёр дахь эрэгтэй этгээд уг хачирхалтай үйл явдлыг бичлэг хийж байсан бөгөөд бичлэг нь дараа нь сошиал сүлжээнд тархжээ.
AFP агентлагт цагдаагийн төлөөлөгч мэдээлэхдээ “Хоёр сэжигтэн амьтдад ойртож амжилгүй хүрээлэнгийн ажилтнуудад саатуулагдсан” гэжээ.
Тухайн үед Панчийг оролцуулаад ойролцоогоор 60 сармагчин хашаан дотор байсан байна.
Ичикавагийн цагдаагийн газар сэжигтнүүдийг 24 настай оюутан Рейд Жахнай Дэйсон, өөрийгөө дуучин гэж танилцуулсан 27 настай Нил Жабахри Дуэн хэмээн нэрлэжээ.
Цагдаагийн мэдээлснээр тэдэнд “ажлын үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан” гэх ял тулгагдсан ч хоёр этгээд буруугаа үгүйсгэж байгаа аж.
Амьтны хүрээлэн X платформ дээр нийтэлсэн мэдэгдэлдээ “Өчигдөр сармагчны хашаанд хууль бусаар нэвтэрсэн явдлын улмаас санаа зовсон бүх хүнээс уучлалт хүсэж байна” гэжээ. Мөн “Амьтдад ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг ажиглагдаагүй” гэж мэдэгдсэн байна.
Тэд “Өнгөрсөн шөнө Ичикавагийн цагдаагийн газарт албан ёсоор гомдол гаргасан. Маргаашаас эхлэн бид амьтдын аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, дүрэм зөрчсөн үйлдэлд хатуу арга хэмжээ авсаар байх болно” хэмээн нэмжээ.