
Умард Солонгосын пуужингийн анги ОХУ-ын баруун хэсэгт байрлаж эхэлсэн талаар Киев мэдэгдлээ. Үүнд Украинд цохилт өгөхөд ашиглах 120 баллистик пуужин, зургаан харвагч төхөөрөмжөөр тоноглогдсон байж магадгүй гэж Украины цэргийн тагнуулын байгууллагын албан тушаалтан мэдэгдсэн байна.
Украин өндөр хүчин чадалтай агаарын довтолгооноос хамгаалах системийн хомсдолтой байгаа бөгөөд Орос үүнийг нь ашиглан сөнөөхөд илүү хүндрэлтэй баллистик пуужингийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа аж.
Орос улс 2023 оны сүүлээс хойш Украинд Умард Солонгосын олон арван баллистик пуужин харвасан ч, Умард Солонгосын пуужингийн хүчнийг шууд байрлуулах болсон нь Москва, Пёньяны хоорондын аль хэдийн өргөжсөн цэргийн хамтын ажиллагааг улам нэмэгдүүлж буй хэрэг юм.
Украины Цэргийн тагнуулын ерөнхий газрын ажилтан Андрий Чернякийн мэдээлснээр, Орос улс Умард Солонгосын ойролцоогоор 90 цэргийн алба хаагчтай пуужингийн ангийг ОХУ-ын баруун хэсгийн Воронеж мужид, Оросын 112 дугаар пуужингийн бригадын бүрэлдэхүүнд байрлуулахаар төлөвлөж байгаа аж.
Түүний хэлснээр, Пёньян Орос руу аль хэдийн KN-23 болон KN-24 загварын 40 пуужин, холбогдох бие бүрэлдэхүүнийг илгээсэн байна. Харин байршуулалтын бүтэц, нийт пуужингийн тоог ирэх сард болох дээд түвшний хэлэлцээгээр эцэслэн шийдэх аж.
Оросын тал уг байршуулалтад 120 Умард Солонгосын баллистик пуужин, 6 харвагч төхөөрөмж оролцоно гэж тооцож байгаа гэж Черняк мэдэгдэв.
Гэхдээ Умард Солонгосын цэргүүд Оросын пуужингийн ажиллагаанд яг ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна.
АНУ-ын Филадельфид төвтэй Foreign Policy Research Institute судалгааны байгууллагын ахлах судлаач Роб Ли хэлэхдээ, Умард Солонгосын нийлүүлэлт Киевийн хувьд ноцтой аюул болж байна гэжээ.
Роб Ли “Баллистик пуужингийн хамгаалалт бол Украины хамгийн том эмзэг талуудын нэг. Тиймээс Украинд чиглэсэн ийм төрлийн пуужингийн тоо нэмэгдэх нь илүү том сорилт болно” гэж хэлсэн байна.
Түүнчлэн энэ өвөл Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн нөхцөл байдал онцгой анхаарал татаж буй. Орос өмнөх жилүүдийн адил эрчим хүчний дэд бүтцэд өргөн хүрээний цохилт өгөх боломжтой гэж тэр анхааруулжээ.
Орос, Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагаа
2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Умард Солонгос Москвагийн ойрын холбоотон болж, хоёр улс 2024 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулсан.
Украины албаныхны мэдээлснээр, Умард Солонгос Оросын дайнд зориулан сая сая их бууны сум нийлүүлсэн, 2024 онд Украины цэргийн давшилтыг няцаахын тулд Оросын Курск мужид 14 мянган цэрэг илгээсэн гэдэг.
Өнгөрсөн долоо хоногт Украины эрх баригчид Умард Солонгосын пуужин Украины төв хэсгийн Радужне тосгон дахь орон сууцыг сүйтгэж, нэг гэр бүлийн таван гишүүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ.
Чернякийн хэлснээр, энэ нь 2025 оны наймдугаар сараас хойш Умард Солонгосын баллистик пуужин ашигласан нь бүртгэгдсэн анхны тохиолдол бөгөөд шинэ нийлүүлсэн 40 пуужингийн нэг байсан байна.
Украины цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр:
KN-23/24 пуужинг ашиглаж байгаа нь Оросын цэргийн тактиктай нийцэж байгаа юм. Москва АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системээр л саармагжуулах боломжтой баллистик пуужингийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа.
Орос 2023 оны сүүлээс KN-23 болон KN-24 пуужингуудыг Украинд ашиглаж эхэлсэн. Чернякийн мэдээлснээр, Умард Солонгос 2023 оны сүүлээс 2025 оны наймдугаар сар хүртэл Орост 150 пуужин нийлүүлсэн аж. Түүний хэлснээр, Украины хилтэй залгаа Курск мужид одоогоор ойролцоогоор 9500 Умард Солонгосын цэрэг байгаа ч тэд Украинтай хийж буй байлдааны ажиллагаанд шууд оролцоогүй байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн сард Кремль Умард Солонгосоос дахин 30 мянган цэрэг илгээхийг хүсээд Оросын тал Воронеж мужид тэднийг хүлээн авах бэлтгэлээ хийж байна гэж мэдэгдсэн юм.