
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус бүлгийн дарга, дэд дарга нар хурлаараа хэлэлцсэн асуудлуудаа танилцууллаа.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Л.Мөнхбаясгалан нарын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийн агуулга үзэл баримтлалтай бүлгийн гишүүд танилцаад, дэмжих шийдвэр гаргалаа.
Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний дараалал ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ц.Баатархүү нарын гишүүд Төрийн үйлчилгээний дарааллыг ил тод болгох тухай тогтоолын төсөл боловсруулж байгаа. Үүний цаана иргэдийн бухимдал, авлига, хээл яригддаг учир энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, ипотекийн зээлийн хүсэлт гаргасан иргэдийн дараалал юу болж, хэрхэн урагшилж байгаа нь тодорхой бус байгаа.
Гуравдугаарт, АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Манай бүлгийн гишүүд маш олон хуулийн төсөл өргөн барьдаг ч хэлэлцүүлэхгүй хүлээгддэг, хойшлуулдаг, хуулийн төслийнхөө үзэл санаа, агуулгыг хулгайд алддаг үзэгдэл байна. Үүнийг хэлэлцээд УИХ-ын дарга болон Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр тогтлоо. Тухайлбал, А.Ганбаатар гишүүн гараашийн татварыг тэглэх хууль санаачлаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч санал өгөхгүй байсаар өөр хүний нэрээр УИХ-д оруулж ирж байна. Ингэж хуулийн төслийн утга агуулгыг хулгайлдаг байдал хэд хэдэн удаа давтагдаж байгаа" гэв.