Монгол бий биелгээг уламжлалт хэв намбаар нь залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор "Монгол бий биелгээ" наадмыг наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулахаар болжээ.
Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол ардын бүжиг, бий биелгээ” өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр тус наадмыг зохион байгуулна. Наадмын хүрээнд өвлөн суралцагч болон өвлөн уламжлагчдын дунд бий биелгээ, ихэл, товшуур, шанзны уралдаан болж, шилдгүүдийг тодруулна.
Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургууль хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол бий биелгээг уламжлалт хэв намбаар нь залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор тус наадмыг энэ жил Увс аймагт зохион байгуулахаар болжээ.