
Хятадын төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрч, асар их ажиллах хүч нь аажмаар багасаж, тэтгэвэр авагчдын тоо өсөхийн хэрээр ирэх арван жилүүдэд эдийн засгийн томоохон цочрол үүсэх эрсдэл нэмэгдэж байна.
Хятадын эрх баригчид төрөлтийг дэмжих зорилгоор мөнгөн урамшуулал, татварын хөнгөлөлт, гэрлэлтэд дэмжлэг үзүүлэх шинэ журам зэрэг олон бодлого хэрэгжүүлсэн ч бууралтыг зогсоож чадсангүй.
Үүний зэрэгцээ Хятад өөр нэг боломжит гарцыг харж эхэлсэн нь робот болон автоматжуулалт.
Хятадын удирдагч Ши Жиньпин олон жилийн турш үйлдвэрлэлийн салбарыг шинэчилж, автоматжуулах бодлогыг удирдаж ирсэн. Энэ нь Бээжингийн Хятадыг өөрийгөө хангах чадвартай, өндөр технологийн гүрэн болгох зорилтын нэг хэсэг.
Хэрэв хүн амын бүтэц өөрчлөгдөх асуудлыг шийдвэрлэхгүй бол:
Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хүн ам зүйн мэргэжилтэн Стюарт Гител-Бастен “Сүүлийн 20–30 жилийн замналаар явбал хүн амын тогтолцоо ба эдийн засгийн тогтолцооны зөрчил асар том хямрал үүсгэнэ” гэдгийг анхааруулжээ.

Харин Хонконгийн Их сургуулийн эдийн засгийн профессор Гуожүн Хэ хэлэхдээ “Хэрэв робот, дижиталчлал, хиймэл оюуны тусламжтайгаар хөдөлмөрийн бүтээмж тогтвортой өсвөл цөөн ажилчидтай үйлдвэрлэлийн гарцыг ч хадгалж эсвэл нэмэгдүүлж болно. Автоматжуулалт нь ажиллах хүчний бууралтын эдийн засгийн нөлөөг ихээхэн сааруулж чадна, гэхдээ бүрэн саармагжуулахгүй” гэжээ.
Гэхдээ энэ шилжилт нь богино хугацаанд ажлын байр хорогдуулах, урт хугацаанд ажлын шинж чанарыг өөрчлөх сорилтыг дагуулах юм.
Хятад улс аль хэдийн дэлхийн хамгийн том үйлдвэрийн роботын зах зээл болсон. International Federation of Robotics-ийн мэдээллээр 2024 онд дэлхий даяар суурилуулсан үйлдвэрийн роботуудын талаас илүү нь Хятадад ногджээ.
Үйлдвэрүүдэд робот гагнах, будах, угсрах ажлыг зэрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн “харанхуй үйлдвэрүүд” буюу (гэрэл асаах шаардлагагүй, бүрэн автомат шугам) ажиллаж байна.
Ингэснээр цахилгаан автомашин, нарны хавтанг их хэмжээгээр, хямд өртгөөр үйлдвэрлэж, худалдааны илүүдлийг нэмэгдүүлж байна.
Бээжин мөн хүн төрхт (humanoid) роботод ихээхэн хөрөнгө оруулж байгаа бөгөөд 140 гаруй компани энэ чиглэлээр ажиллаж байна. Эдгээр робот одоогоор технологийн амжилтыг харуулах үзүүлэн хэлбэрээр телевизийн шоу, сурталчилгаанд харагддаг ч заримыг нь угсралтын шугам, логистикийн төв, шинжлэх ухааны лабораторид туршиж эхэлжээ
“Made in China 2025” ба хүн амын бодлого
2015 онд Бээжин “Made in China 2025” стратегийг зарласан. Энэ нь өндөр технологийн үйлдвэрлэлд өрсөлдөх чадвараа хадгалах зорилготой. Сонирхолтой нь, яг тэр жилдээ Хятад олон арван жил үргэлжилсэн “нэг хүүхдийн бодлого”-оо цуцалсан.
Сингапурын Үндэсний Их сургуулийн Дорнод Азийн Хүрээлэнгийн профессор Берт Хофман “Хүн ам буурах тул автоматжуулалт, AI-ийн бүтээмж өснө, тэгэхээр хүн амын бууралт асуудал биш гэсэн бодлого өгүүлэмжийн нэг хэсэг болсон” гэж дүгнэжээ.
Насжилт ба асаргаа
НҮБ-ын тооцоогоор 60-аас дээш насныхан одоо хятадын хүн амын 23%-ийг бүрдүүлж байгаа бол 2100 он гэхэд 50%-иас давж магадгүй.
“Нэг хүүхдийн бодлого”-ын улмаас ганц хүүхэдтэй үеийнхэн ахмад эцэг эхээ дүү, ахгүйгээр асрах нөхцөл бүрдсэн.
Сүүлийн удирдамжуудад:

Тэтгэврийн тогтолцоо ба “бүтээмжийн уралдаан”
Economist Intelligence Unit-ийн шинжээч Тяньзэн Сюй “Технологийн дэвшил ба хүн амын насжилтын хооронд уралдаан өрнөж байна” гэж дүгнэжээ. Онолын хувьд “Хэрэв бүтээмж хангалттай хурдтай өсвөл нэг ажилчин илүү их үнэ цэн бүтээж, илүү олон тэтгэвэр авагчийг дэмжих боломжтой болох” аж. Гэвч Хофманы үзэж байгаагаар 2070-аад оноос ажиллах хүчний бууралт бүтээмжийн өсөлтөөс хурдан болж болзошгүй гэнэ.
Эрсдэл ба шилжилтийн зардал
AI болон робот технологи Хятадын үйлдвэрлэлийн салбарын 70%-д нөлөөлж болзошгүй гэсэн дотоодын үнэлгээ бий. Богино хугацаандаа зарим салбарт ажиллах хүчний хомсдол үүсгэх бол бусад салбарт ажилгүйдэл бий болж “давхар дарамт” үүсэж магадгүй.
Гожүн Хэ-гийн хэлснээр “дахин сургах, ур чадвар ахиулах, нийгмийн хамгааллын бодлого бэхжүүлэх шаардлагатай” аж.