
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх Монгол Улсын багийн бүрэлдэхүүн тодорлоо. Уг төрөлд Азийн 32 орны 204 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Нийт тамирчдын 116 нь эрэгтэй, 88 нь эмэгтэй юм.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д К.Ёолк, 73 кг-д Л.Энхдөл, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ж.Энхтөр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д У.Анужин, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Адъяасүрэн нар зодоглохоор болжээ.
Азийн зуны спортын XX наадмын жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 30-нд эхэлнэ.
Монголын жүдочид Азийн зуны спортын наадмаас 7 алт, 13 мөнгө, 36 хүрэл, нийт 56 медаль хүртсэн байна. Харин сүүлийн хоёр буюу “Жакарта-2018”, “Ханжоу 2022” наадмаас алтан медаль авч чадаагүй юм.