
“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.
“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөө өглөө цахим хуудсаараа дамжуулан "Манай намын зарим бүлэглэл Туулын хурдны зам тавигдвал Х.Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдастай байна. Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц байхгүй. Надад Улаанбаатарыг түгжрэлгүй, утаагүй болгох ганцхан амбиц бий. Миний бие улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй" хэмээн мэдэгдээд байсан юм.