
Израил Ливан даяар өргөн хүрээтэй агаарын довтолгоо явуулсны улмаас олон зуун хүний амь үрэгдэж, шархаджээ. Албаныхны мэдээлснээр Ирантай гал зогсоох хэлэлцээр хийсэн ч Ливаны зэвсэгт бүлэг Хезболлагийн эсрэг дайн үргэлжилж байгаа аж.
Израил үүнийг энэ мөргөлдөөн дэх хамгийн том агаарын довтолгооны давалгаа гэж тодорхойлж, 10 минутын дотор Хезболлагийн командын төвүүд болон цэргийн объектууд гэж нэрлэсэн 100 гаруй байг онилсон байна.
Бейрутын өмнөд зах, Ливаны өмнөд хэсэг болон зүүн нутгийн Бекагийн хөндий бүгд бай болсон байна.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 890 хүн шархдаж, дор хаяж 182 хүн амиа алдсан ч энэ тоо өсөх магадлалтай гэнэ.
Бейрут дахь хамгийн том цохилтод өртсөн газар дээр аврагчид нурсан барилгуудаас хайлт хийсээр байна. Нурангин дундаас амьдралын ул мөрийг илтгэсэн инээмсэглэсэн гэр бүлийн зургууд, хувцасны хэсгүүд, хичээлийн дэвтрүүд олдож байв.
Ах нь шархадсан Абделкадер Махфоз “Энд маш олон хүний биеийн хэсгүүд байсан. Зөвхөн энгийн хүмүүс л хохирч байна. Бид юу ч хийж чадахгүй байна” гэж ярьжээ.
Эдгээр довтолгоо нь Пакистан АНУ болон Ираны хооронд зуучилсан хэлэлцээр Ливаны мөргөлдөөнийг хамарна гэсэн мэдэгдлийг Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн алба няцаасны дараа болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хэвлэлийн төлөөлөгч Каролин Лийвитт мөн Ливан уг хэлэлцээрт багтаагүй гэж мэдэгдсэн.
Хэлэлцээр зарлагдсанаас хойш ямар нэгэн довтолгоо хийснээ мэдэгдээгүй Хезболла “хариу өгөх эрхтэй” хэмээн мэдэгдэж, дүрвэсэн иргэдийг албан ёсны гал зогсоох мэдэгдэл гарах хүртэл гэртээ буцахгүй байхыг анхаарууллаа.
Ливаны Ерөнхийлөгчийн тамгын газар “Ливаныг бүс нутгийн энхийн хэлэлцээнд багтаах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн.
Хезболла болон Израилийн олон арван жилийн мөргөлдөөн шинэ шатанд хүрсэн нь тус бүлэг Израил руу пуужин харваснаас эхэлсэн. Тэд үүнийгээ Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейн аминд хүрсний хариу болгосон гэдэг.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ дайны улмаас одоогоор 1700 гаруй хүн, түүний дотор 130 хүүхэд амиа алджээ.
Израилийн мэдээлснээр тэд ойролцоогоор 1100 Хезболлагийн дайчдыг устгасан байна.
1.2 сая гаруй хүн буюу нийт хүн амын тавны нэг нь дүрвэсэн бөгөөд ихэнх нь шиит мусульманчууд байна.
Хилийн ойролцоох тосгодууд сүйдсэн бөгөөд Израилийн цэргүүд “аюулгүйн буфер бүс” байгуулах зорилгоор Хезболлагийн дэд бүтцийг устгаж, дайчдыг шахахыг зорьж байна. Энэ нь зарим бүс нутаг дайн дууссаны дараа ч эзлэгдсэн хэвээр үлдэх, олон оршин суугчид хэзээ ч буцаж чадахгүй болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Ажиглагчид энэ мөргөлдөөн дэх Хезболлагийн цэргийн чадавхийг гайхаж байна. Өмнөх дайнаас хойш сул дорой болсон гэж үзэж байсан ч тус бүлэг хойд Израил руу пуужин, дрон харвахын зэрэгцээ өмнөд Ливанд хуурай замын тулаан хийж байна.
Ливанд харин Хезболла хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд олон хүн тус бүлгийг улс орноо хүсээгүй дайнд татан оруулсан, Ираны ашиг сонирхлыг хамгаалж байна гэж буруутгаж байна. Гэвч тус бүлэг шиит иргэдийн дэмжлэгийг авсан хэвээр байгаа юм.
Дайн үүсгэсэн дүрвэгсдийн хямрал аль хэдийн хүнд байдалд орсон улсад нэмэлт дарамт учруулж байна. Сургуульд байрласан хоргодох байрнууд дүүрч, олон хүн гудамжинд, машиндаа, түр майханд хонож байна. Бусад бүс рүү нүүсэн иргэд ирэхэд шашин хоорондын хурцадмал байдал нэмэгдэж, хүмүүс өөрсдөө ч Израилийн довтолгооны бай болох вий гэж эмээх болжээ.
2024 оны гал зогсоох хэлэлцээрийн дараа Ливаны Засгийн газар 1980-аад онд Израилийн эзлэн түрэмгийлэлд хариу болгон байгуулагдсан Хезболлаг зэвсэггүйжүүлэх төлөвлөгөө танилцуулсан. Гэвч тус бүлэг одоогоор зэвсгийнхээ ирээдүйн талаар хэлэлцэхээс татгалзсан хэвээр байна.