
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны шинэ мэдээллээр тавдугаар сард жилийн инфляц 4.2 хувьд хүрч, сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд очжээ. Энэ нь эрчим хүчний өндөр үнэ АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна.
Хэрэглээний үнийн индексийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар үнэ сарын дүнгээр 0.5 хувиар өссөн бөгөөд үүнд АНУ, Израилын Ираны эсрэг дайны улмаас эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Сарын өсөлтийн 60 хувийг зөвхөн эрчим хүчний үнийн өсөлт бүрдүүлсэн байна.
Харин хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний дэлгүүрийн барааны үнэ дөрөвдүгээр сарынхаас удаан өсжээ. Тухайлбал:
Эдийн засагчид өмнөх сараас үнэ 0.5 хувиар өсөж, жилийн инфляц дөрөвдүгээр сарын 3.8 хувиас 4.2 хувь хүртэл нэмэгдэнэ гэж таамаглаж байсан юм.
Лоёола Мэримаунт Их сургуулийн санхүү, эдийн засгийн профессор Сун Вон Сон “4.2 хувь гэдэг нь тайвшрахад хангалттай доогуур түвшин биш. Гэхдээ илүү чухал мэдээ нь өсөлт эдийн засгийн бүх салбарт тархсан бус, голчлон эрчим хүч, ялангуяа шатахууны үнэтэй холбоотой байгаа явдал” гэдгийг онцолжээ.
Хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцдог суурь Хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт дөрөвдүгээр сараас ердөө 0.2 хувиар өссөн нь таамгаас бага үзүүлэлт байв. Ингэснээр жилийн суурь инфляц 2.9 хувьд хүрчээ.
Гэсэн хэдий ч тавдугаар сарын инфляцын мэдээлэл нь ирэх завсрын сонгуулийн өмнө америкчуудын амьжиргааны өртгийн асуудлыг улам тодотгож, Ерөнхийлөгч Дональд Трампын үнэ бууруулах амлалтад дахин анхаарал хандуулахад хүргэж байна.
Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө уг тайланг үл тоосон өнгө аясаар “Энэ тоонууд гайхалтай байсан. Надад таалагдаж байна. Инфляц надад таалагдаж байна” гэж хэлжээ.
Тэрээр газрын тос дахин Ормузын хоолойгоор чөлөөтэй тээвэрлэгдэж эхэлбэл инфляц буурна гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
“Үнэ буурч байна. Дайны дараа үнэ чулуу шиг л хурдан унана” гэж тэр хэлжээ.
Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөж магадгүй
Тавдугаар сарын тайлан нь Кевин Варшийг Холбооны нөөцийн сангийн даргын албан тушаалд орсны дараах анхны инфляцын тайлан болж байна. Тэрээр Жером Пауэллийг орлон ажиллаж байгаа юм.
Инфляц өсөж, хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой хэвээр байгаа тул эдийн засагчид АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх эсвэл бүр өсгөх боломжтой гэж үзэж байна.
Үнэ гурав, дөрөвдүгээр сарынх шиг огцом өсөөгүй ч сүүлийн гурван сарын хугацаанд инфляцын өсөлт 2022 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ажиглагдсан үеэс хойших хамгийн хурдан өсөлт болжээ. Тухайн үед инфляц өнгөрсөн 41 жилийн дээд түвшин болох 9.1 хувьд хүрч байсан юм.
Гэхдээ эдийн засагчид энэ удаагийн инфляц өмнөх шиг ноцтой хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна.
Одоогийн таамгаар энэ жилийн инфляц 4.5-5 хувийн хооронд оргилдоо хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх удаагийн 9.1 хувиас хавьгүй доогуур юм.
Oxford Economics-ийн ахлах эдийн засагч Нэнси Ван Хоутен “Инфляц улам дордохгүй байж болох ч хэсэг хугацаанд өндөр хэвээр байх болно. Магадгүй ирэх он хүртэл төдийлөн буурахгүй байх” гэжээ.
KPMG-ийн ахлах эдийн засагч Дайан Свонкийн үзэж байгаагаар үнийн өсөлтийн дарамт үргэлжилсээр байгаа төдийгүй үүсээд буй эрсдлүүд нь зөвхөн Ойрхи Дорнодын дайнаар хязгаарлагдахгүй байна.
Түүний үзэж байгаагаар Ирантай хийж буй дайны хүнсний үнэд үзүүлэх бүрэн нөлөө хараахан мэдрэгдээгүй байгаа аж.
Ормузын хоолой хаагдсанаар газрын тосноос гадна бордоо, металл зэрэг олон чухал түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж байгаа юм.
“Дайны хүнсний үнэд үзүүлэх бүрэн нөлөө хараахан ирээгүй. Бордооны үнэ, дизель түлшний өртөг, ургац буурах эрсдэл болон Эль Ниньогийн нөлөө зэрэг хүчин зүйлс намрын ургац болон 2027 он хүртэл үргэлжилж магадгүй” гэж Свонк тайлбарлав.
Мөн энэ зун хэрэгжиж болзошгүй шинэ тарифууд, газрын тосны өндөр үнэ тээвэрлэлт болон сав баглаа боодлын өртөгт нөлөөлөх зэрэг эрсдэлийг тооцоогүй гэдгээ мөн онцолсон байна. “Систем дотор үнэ өсгөх олон хүчин зүйл одоо ч хуримтлагдсаар байна” гэж тэр хэлжээ.
Америкчуудын худалдан авах чадвар буурч байна
Свонкийн хэлснээр хиймэл оюуны салбарын хурдацтай өсөлт цахилгаан эрчим хүч, зарим электрон эд анги, програм хангамжийн үнийг өсгөж байна.
Үүний дээр дайнаас үүдэлтэй шинэ үнийн шок нэмэгдсэн нь сүүлийн таван жилийн өндөр инфляцын дарамтыг улам хүчтэй болгожээ.
Ажилчдын цалин үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа бөгөөд энэ зөрүү улам нэмэгдэж байна.
Инфляцыг тооцсон бодит цалин дараалан хоёр дахь сардаа буурч, дөрөвдүгээр сарын 0.3 хувийн бууралт тавдугаар сард 0.7 хувь болж өсжээ. Энэ нь америкчуудын худалдан авах чадварыг улам сулруулж, АНУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хэрэглээг бууруулах эрсдэлтэй байна.
Свонк “2022 онтой яг адил биш ч энэ нь санаа зовоох дохио. Хөрөнгийн өгөөж нийлмэл байдлаар өсөж баялаг бүтээдэг шиг инфляц ч нийлмэл байдлаар хуримтлагдаж, үнийн түвшинг олон хүний хувьд хүрэхийн аргагүй өндөр болгодог. Ихэнх хэрэглэгчийн хувьд нөхцөл байдал буруу чиглэлд явж байгаа учраас хүмүүс уурлаж, бухимдаж байгаа юм” гэж тэр дүгнэжээ.