
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 онд шатахууны нөөц хадгалах агуулах савны хүчин чадлыг 3-6 сараар нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран улсын хэмжээнд 150 мянган шоо метр хадгалах савны хүчин чадал шинээр бий болгохоор ажиллаж байна. Харин 2027 оны наймдугаар сар гэхэд энэхүү хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэхээр төлөвлөжээ.
Ингэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм. Цаашлаад 2028 он гэхэд ердийн хэрэглээний гурван сарын шатахууны нөөцийг хадгалах хүчин чадалтай болох аж.
Шатахуун хадгалах агуулах, савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг стратегийн ач холбогдол бүхий байршлууд болох Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь аймагт хэрэгжүүлж байгаа аж.