
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Улаанбаатар хотын 7.75 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын гадаад бондын хөрөнгийн зарцуулалт болон Сэлбэ хорооллын бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат мэдээлэл өглөө.
“Нийслэл 500 сая ам.долларын гадаад бонд гаргасан. Үүнээс 1.9 их наяд төгрөгийг Монгол Улсын зургаан банкинд хугацаатайгаар байршуулж явсан. Одоогоор гурван банкинд байршуулж, байршуулах хугацаан дахь хүүг бондын хүүгийн алдагдалд орохгүй байхаар хэлцэл хийсэн. Тиймээс одоогийн байдлаар бондын хүүгийн алдагдалд огт ороогүй” гэв. Мөн “Гүйцэтгэлийн хувьд 300 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ оны долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр гарах, одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлүүдээр нэлээд хэмжээний дүн гарна. Цаашлаад аравдугаар сард гүйцэтгэлийн графикаа гаргаад, тэр хугацаанд арилжааны банкуудтай хийсэн гэрээний хугацаа болон хүүгийн асуудал дээр ярилцаад явах боломжтой.
Газар чөлөөлөлтийн хувьд 158 мянган га талбайг чөлөөлөх ажил явж байгаа. Тодорхой хэмжээнд судалгаа хийгээд, үнэлүүлээд, иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн зардал үндсэндээ дуусах тал руугаа дөхсөн. Иймд төсвийн тодотголын төсөлд газар чөлөөлөлтийн зардлыг үргэлжлүүлэн тусгаж, газар чөлөөлөлтийн ажлаа хийхээр төлөвлөж байна” гэдгийг тайлбарлалаа.