
Нэгэн цагт Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт, уналтын бэлгэ тэмдэг болж байсан тэрбумтанд өнгөрсөн долоо хоногт Хятадын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт зургаа дахь жилдээ үргэлжилж байна. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж, сая сая өрхийн хувьд томоохон хүндрэл болж, Хятадыг эдийн засгийн өсөлтөө хангахын тулд экспортод улам бүр түшиглэхэд хүргэж, улмаар худалдааны зөрчлийг хурцатгах хүчин зүйл болсоор байна.
Хятадын сошиал сүлжээнд анх цензургүй нийтлэгдсэн уур бухимдалтай олон сэтгэгдэлд, нэгэн цагт Азийн хамгийн баян хүн байсан, China Evergrande компанийн үүсгэн байгуулагч Хүй Ка Янь яагаад цаазын ял аваагүй талаар асуужээ. Тэрбээр хөрөнгө завшихаас эхлээд авлига авах хүртэлх олон төрлийн хэрэгт буруутгагдсан юм.
Хятадын санхүүгийн зохицуулагчид асар их өрөнд суурилсан үл хөдлөх хөрөнгийн салбарт хяналт, хязгаарлалт тогтоосноос хойш зургаан жил өнгөрсөн ч хямралын үр дагавар арилаагүй байна.
Хятадын өнцөг булан бүрд барилгын ажил нь дуусаагүй, орхигдсон олон сая орон сууц бий. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудын шинэ орон сууцны үнэ сэргэж эхэлсэн ч энэ сэргэлт зогсонги байдалд оржээ. Газрын борлуулалт үргэлжлэн буурч, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт болон барилгын ажлын уналт улам хурдасчээ.
Харин жижиг, эх газрын гүнд байрлах хотуудад хуучин орон сууцны үнэ 2020 оныхоос хойш бараг 25 хувиар буурсан нь өрхийн хэрэглээг хязгаарлаж байна.
Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн нь сүүлийн гурван жил гаруйн хугацаан дахь хамгийн сул өсөлт болжээ.
Дотоодын эрэлтийн гол хөдөлгөгч хүч байсан үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орсон тул Хятад улс эдийн засгийн өсөлтөө хангахын тулд экспортод улам бүр найдах болжээ.
Хятадын худалдааны ашиг 2019 оноос хойш хоёр дахин өссөн нь Европын Холбоо болон АНУ-тай худалдааны зөрчилдөөн хурцдах шалтгаан болжээ. Мөн Хятадын экспорт худалдааны түнш орнуудын, тэр дундаа Дэлхийн өмнөдийн орнуудын дотоодын үйлдвэрүүдийг шахан гаргаж болзошгүй гэсэн “Хятадын шок 2.0” гэх болгоомжлолыг төрүүлж байна.
Шийдэхэд амаргүй асуудал
Чикаго хотод төвтэй үл хөдлөх хөрөнгийн зөвлөх Enhance International компанийн гүйцэтгэх захирал Сэм Радван “Энэ бол системийн шинжтэй асуудал ч хийх зүйл төдийлөн их биш. Өрхөөсөө олон орон сууц бий. Хүн амын гуравны нэгээс илүү хувь нь хоёр дахь орон сууцаа хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж байсан” гэжээ.
Эверграндэ 2021 онд өр төлбөрөө барагдуулах чадваргүй болж, 2024 онд татан буулгах ажиллагаа эхэлсэн.
Түүний өрсөлдөгч Country Garden 2023 онд дефолт зарласнаасаа хойш нэг ч газар худалдаж аваагүй. Харин China Vanke компанийн хувьд зарим бондын эргэн төлөлтийн хугацааг сунгахыг хүсэж, дээд удирдлагынхаа ихэнхийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс ирсэн удирдах ажилтнуудаар сольжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин банкны зээл, төрийн дэмжлэгийг үл хөдлөх хөрөнгийн салбараас робот техник, хагас дамжуулагч зэрэг стратегийн технологийн салбар руу чиглүүлэхийг зорьж байна. Гэвч шинээр хөгжиж буй эдгээр салбарын хэмжээ нь орон сууцны зах зээлийн үргэлжилсэн уналтаас үүдэж буй эдийн засгийн дарамтыг нөхөхөд одоогоор хэтэрхий жижиг хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.
Conference Board Asia байгууллагын ахлах эдийн засагч Макс Зенглейн “Эдийн засгийн өсөлт болон өсөлтийн үр өгөөж эдийн засгийн хэмжээнд өмнөхөөсөө хамаагүй явцуу хүрээнд хуваарилагдаж байна. Энэ нь хэрэглээ яагаад сэргэхгүй байгаагийн гол шалтгаануудын нэг” гэжээ.
Хувийн хэвшлийн үл хөдлөх хөрөнгийн компаниудын ихэнх нь өр төлбөрийн дефолтод орсон тул одоо төрийн өмчит компаниуд энэ салбарт давамгайлах болжээ. Зах зээлд оролцогчид цаашид үл хөдлөх хөрөнгийн салбар төрийн хяналт, оролцоонд улам ихээр орох төлөвтэй гэж үзэж байна.
Төрийн өмчит томоохон банкны зээлийн ажилтан “Хамгийн гол нь ард нь хэн байгаа вэ гэдэг асуудал. Төв засгийн газар уу, орон нутгийн төрийн өмчит компани юу гэдгийг хардаг. Бодит байдал дээр банкууд хувийн хэвшлийн барилгын компаниудад зээл олгохоо аль хэдийн зогсоосон” гэжээ.
“Энэ зовлонг тэсэхийн аргагүй”
Радваны тооцоолсноор орон сууцны илүүдэл нөөцийг шингээж дуусгахад 18 сар шаардлагатай аж.
Түүний үзэж буйгаар зах зээл тэнцвэрт түвшинд хүрэхийн тулд орон сууцны үнэ 2025 оны түвшнээс дахин 40 хувиар буурах шаардлагатай аж. Тэгэхээр энэ үйл явц дахин арван жил үргэлжилж болзошгүй байна.
“Хятадын иргэд маш ухаалаг хүмүүс. Тэд зах зээл үнэ цэнийнхээ хамгийн доод түвшинд хараахан хүрээгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ тэр доод цэг нь яг хаана байгааг хэн ч харж чадахгүй байна” гэж Радван хэлжээ.
Гэхдээ зарим шинжээч нөхцөл байдлын хамгийн хүнд үе өнгөрсөн байж магадгүй гэж үзэж байна.
Gavekal Dragonomics байгууллагын Хятад судалгааны асуудал хариуцсан дэд захирал Кристофер Беддор “Цаашид нөхцөл байдал мэдэгдэхүйц дордоно гэж бид хүлээхгүй байна. Харин хамгийн магадлалтай хувилбар нь үнэ аажмаар, удаан хугацаанд буурч, улмаар зах зээлийн илүүдэл арилж, тодорхой хэмжээнд сэргэх нөхцөл бүрдэх явдал” гэжээ.
Хүй Ка Яньд бүх насаар нь хорих ял оноосон явдал Хятадын олон нийтийн сүлжээн дэх уур бухимдалтай хэлэлцүүлгийн гол сэдэв болсон. Холбогдох хаштаг пүрэв гараг гэхэд Хятадын X платформтой дүйцэх Weibo сүлжээнд 370 сая гаруй удаагийн үзэлттэй, 72 мянган удаагийн хэлэлцүүлэг үүсгэжээ.
Шаньдун мужид амьдардаг 38 настай орон сууцны эзэн Жэйсон Ван “Энэ зовлонг тэсэхийн аргагүй” гэж хэлжээ.
Түүний хэлснээр, орон сууцны хямралд хамгийн хүндээр өртсөн бүс нутгийн нэг болох Шаньдун дахь гэрийнх нь үнэ 2019 онд худалдаж авснаас нь хойш 25 хувиар буурсан байна.
Тэрбээр “Хүмүүс өдөр тутмын амьжиргаагаа арай ядан залгуулж байхад хэн орон сууц худалдаж авах боломжтой юм бэ?” гэжээ.