
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 682 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаарын онцлох сэдвүүдээ танилцуулъя.
Нэг. Ардын нам ард түмэндээ эргэж ирсэнгүй
Ардын намынхан ард түмэндээ эргэн ирэх бус арлын Япон руу бөөнөөрөө “зугаалж” түмэн олныг бухимдууллаа. Энэ мэтээр Н.Учрал МАН-ын даргаар ажилласан сүүлийн 11 сар, Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших зургаан сарын дотор иргэдийн итгэл улам хөсөрдөж, сэтгэл нь улам цөхөрлөө.
Н.Учралын Засгийн газар 100 хоног биш зургаан сар ажиллаж байна. Энэ хугацаанд иргэдийн амьдрал, эдийн засагт томоохон нөлөө үзүүлсэн, ирээдүйд “Н.Учралын Засгийн газар хийсэн юм” гэж хэлэгдэх юу байна вэ. Бүрэн дуусаагүй Оюутолгойн хэлэлцээнээс өөр хэлээд нэрлэчих зүйл алга. Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болж түүнийгээ алаагүй баавгайн арьс адил хуваахаар 2027 оны төсвийн төсөлд оруулж ирсэн нь улс төрийн маргааныг улам өрдөж байна. Энэ мэтээр асуудлыг шийдэх ёстой Засгийн газар нь өөрөө асуудал болсон өдрүүд үргэлжилсээр... Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Ерөнхий сайд Н.Учрал асуудлыг тас цохиж, айл өрхийн тэргүүн шиг намаа удирдаж, эв нэгдлийг нь хангаж чадсангүй. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч шиг ажиллаж рийл, видео бичлэгээр юу хэлэхдээ л анхаарлаа хандуулсан Ерөнхий сайдтай боллоо6
С.Шийлэгтөмөр "Учраа олоогүй хагас жил" нийтлэлээс
Хоёр. Эргэж буцсан шийдвэр
Хүний нэр төрийн халдашгүй байдал гэдэг зөвхөн алдар хүндэд хамаатай асуудал бус амь нас, эрүүл мэнд, ирээдүй, гэр бүл тэргүүтэй үнэт зүйлстэй нь нягт холбоотой. Харамсалтай нь, Монголд иргэдийн нэр төрийн халдашгүй байдал одоо ч хамгаалалтгүй хэвээр байна. Үүнийг сүүлийн өдрүүдэд, сүүлийн саруудад нийгмийн сүлжээнд өрнөж буй элдэв мэдээ, эрээвэр мэдээллүүд илхэн гэрчилж буй.
Уг нь манай улс хүний нэр төр, алдар хүндэд халдсан гүтгэх, доромжлох үйлдлийг 2002 оноос эрүүгийн гэмт хэрэгт тооцож ирсэн. Үүнээс өмнө буюу 1986 онд тус үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай агуулга хамгийн анх удаа сөхөгдөж байжээ. Гэвч өнөөдөр уг байдлаасаа ухарч, бусдыг доромжлох, гүтгэх, нэр төр, алдар хүндэд халдах, худал мэдээлэл тараах нь гэмт хэргийн шинж агуулаагүй л бол гэмт үйлдэлд тооцогдохоо больжээ.
О.Даваасүрэн "Хамгаалалтгүй халдашгүй байдал" нийтлэлээс
Гурав. 2028 он гэхэд иргэдийн эдийн засаг сэргэх үү
Энэ асуултад эдийн засагчид эдийн засгийн өсөлт үргэлжилсэн ч энэ нь өрх бүрийн орлого, худалдан авах чадварт ижил хэмжээгээр нөлөөлөхгүй гэсэн хариулт өгч байна.
Учир нь эдийн засгийн өсөлт өндөр байсан ч төсвийн зарлага орлогоосоо хурдан тэлж, дотоодын эрэлтийг хэт өдөөвөл суурь инфляц нэмэгдэх эрсдэлтэй. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс бий болсон орлогын нэмэгдлийг үнийн өсөлт “идэж” эхэлбэл бодит орлого нэмэгдэхгүй. Үүн дээр геополитикийн тодорхойгүй байдал, эрчим хүч, хүнс, импортын түүхий эдийн үнэ өсөх зэрэг гадаад хүчин зүйлс нэмэгдвэл импортын инфляц дотоодын үнийн дарамтыг улам нэмэгдүүлнэ. Тиймээс 2028 он гэхэд Монголын эдийн засаг “өссөн” байх эсэхээс илүү өсөлт нь инфляцаас давж, өрхийн бодит орлого нэмэгдсэн байх уу гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт юм.
О.Эрдэнэчимэг "Цамаан төр, улны иргэд" нийтлэлээс
Дөрөв. Ой гэдэг зөвхөн мод биш
Бид ойг уул уурхайн салбар шиг олборлох баялаг гэж үзэхээс илүүтэй жил бүр үнэ цэн нь өсөж болох байгалийн капитал гэж тооцох нь эдийн засгийн хувьд илүү оновчтой шийдэлд хүргэнэ.
Сэлэнгэ аймгийн ойн хамгаалал, нөхөн сэргээлт, мод үржүүлэг, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл бусад аймагтай харьцуулахад харьцангуй сайн хөгжсөн. Тус аймаг ойн нөөц ашигласны төлбөрийн улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 17 орчим хувийг төвлөрүүлдэг гэдгийг БОАЖЯ-ны тайланд дурджээ. Уг 17 хувийг механикаар тооцвол 17.3 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Харин 17.3 их наяд төгрөг нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүнгийн ойролцоогоор 58 хувьд хүрэх хэмжээ юм.
Л.Эрдэнэжаргал "Хөрөнгө оруулалтын шинэ чиглэл Монголын ой" нийтлэлээс
Тав. Хуваарийг үл тоодог УИХ
МАН үнэмлэхүй олонхоор эрх барьсан сүүлийн арван жилд Үндсэн хуульд 2019, 2023 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн 70 зүйлээс 19-д нь буюу 30 орчим хувийг “хөдөлгөсөн”. Үүгээр бүтцийн хувьд томоохон шинэчлэл хийж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг өөрчлөн, тогтвортой байдлыг нь хангахын тулд Засгийн газарт, тэр дундаа Ерөнхий сайдад нэлээд эрх мэдэл өгсөн байдаг. Мөн УИХ-ын хяналт, улс төрийн нам, хот, тосгоны эрх зүйн байдалтай холбоотой олон том өөрчлөлт хийжээ. Эдгээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дагалдах хуулиудыг үүнд нийцүүлэн “засах” учиртай. 30 гаруй хуулийг тодорхой хуваарийн дагуу өөрчлөхөөр үүнд тусгаж, холбогдох төслүүдийг 2020 онд багтаан УИХ-д өргөн барих хуваарь бүхий 02 тоот тогтоолыг мөн баталжээ. Харин парламент энэ хуваарийнхаа дагуу ажилласан уу.
С.Туул " Дагалдах хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхэд хэдэн жил хэрэгтэй вэ" нийтлэлээс
Зургаа. Хууль зөвхөн бусдад...
Ажаад байхад бидний хандлагын бас нэг бэрхшээлтэй тал нь хууль зөвхөн бусдад үйлчлэх ёстой мэт ойлгодог явдал. Хэн нэгэн танил хүнтэй бол дүрэм тойрч болно, мөнгөтэй бол торгуулиас мултарч болно, эрх мэдэлтэй бол хариуцлагаас зайлсхийж болно. Уг ойлголт нийгэмд газар авах нь ямар аюултайг бид өдгөө нийтээр мэдэрч, харж байна. Учир нь хууль хүн бүрд адилхан үйлчилдэг гэсэн итгэл алдагдахад хүрсэн. Ингэснээр иргэд өөрсдөө дүрмийг дагах шаардлагагүй хэмээн бодож эхэлдэг. Нэг хүний зөрчил нөгөөгийн зөвтгөл болж, нэгний давуу эрх бусдын дургүйцлийг төрүүлдэг. Ингээд хууль сахих бус, хуулийг хэрхэн тойрох вэ гэсэн сэтгэлгээ давамгайлна. Төрийн байгууллага хуулийг адилхан хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэн бүр хуулийн өмнө ижил байх зарчмыг өдөр тутмын амьдралдаа хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Б.Алтанхуяг "Хуультай улсын хуульгүй иргэд" нийтлэлээс
Долоо. “Би та нарын нэг”
Улс төрийн хэл улам бүр бүдүүлэг болж байгааг нийгмийн ёс суртахуун доройтсонтой холбох нь хэтэрхий энгийн тайлбар болно. Үүний цаана дэлхий нийтээр төрийн институцэд итгэх итгэл буурч “элит” гэх ойлголтод дургүйцэх хандлага нэмэгдсэн нь нөлөөлж буй. Мөн сонгуулийн кампанит ажил хувь хүний брэндэд илүүтэй төвлөрч, нийгмийн сүлжээ улс төрийн харилцааны гол талбар болсон тул улстөрчид хэтэрхий албан ёсны, боловсролтой хүн болж харагдахаас зэнзийрхэх аж. Энэ тохиолдолд хараалын үг зөвхөн балмад зангийн илэрхийлэл төдий бус, нийгмийн ялгааг багасгах улс төрийн хэрэгсэл болж хувирдаг.
С.Лхагвасүрэн "Ардчилал хараалаар дуусах уу?" нийтлэлээс