
Францын Парис хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг даваа гарагт ажилтнууд ажил хаялт зарласны улмаас хаагджээ. Ажилтнуудын мэдэгдсэнээр, Хиндү шашны бүлгийн төлөөлөгчид айлчлах үеэр эмэгтэй ажилтнуудаас ажлын байраа орхиж, “нүднээс далд” байхыг шаардсан байна.
Францад анхны томоохон Хиндү сүмийг нээх ёслолын хүрээнд Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) хэмээх Хиндү шашны хөдөлгөөний 100 орчим төлөөлөгч Эйфелийн цамхагт зочилжээ.
Ажилтны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Диан Давуан Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ төлөөлөгчдийн айлчлалын үеэр эмэгтэйчүүдээс ажлын байраа орхиж, тэдний оронд эрэгтэйчүүдийг ажиллуулахыг шаардсан” гэжээ. Түүний хэлснээр энэхүү шаардлага нь ажилтнууд, ялангуяа өөрсдийгөө доромжлуулсан гэж үзсэн эмэгтэй ажилтнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна.
“Зарим эмэгтэй ажилтнаас ажлын байраа орхиж, өөр хэсэгт очихыг шаардсан. Зарим ажлын байранд тэднийг эрэгтэй ажилтнуудаар сольсон. Мөн төлөөлөгчид байх хугацаанд бүх эмэгтэй ажилтанд тодорхой хэсгүүдээр зорчихгүй, дайран өнгөрөхгүй байхыг үүрэг болгосон” гэж Давуан мэдэгджээ.
Тэрбээр амралтын өдрүүдээр нөхцөл байдал улам хурцдаж даваа гарагийн өглөө ажилтнууд удирдлагатайгаа хэлэлцээ хийхийн зэрэгцээ компанид эмэгтэйчүүдийг дахин хэзээ ч ийм байдлаар харьцуулахгүй байх шаардлага тавихаар шийдсэн гэжээ.
AFP агентлагийн мэдээлснээр Эйфелийн цамхгийг ажиллуулдаг Société d'Exploitation de la tour Eiffel (SETE) компани төлөөлөгчид эмэгтэйчүүдтэй харилцах явдлыг “хязгаарлах” хүсэлт тавьсан болохыг баталжээ.
Гэхдээ ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй байсан гэдгээ тус компани мэдэгдэв.
SETE компанийн ерөнхийлөгч Ариэль Вайль AFP-д “Энэ бол илт хүлээн зөвшөөрөх боломжгүй практик. Эйфелийн цамхаг Бүгд найрамдах улсын үнэт зүйлс болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг тууштай баримталдгийг дахин онцолж байна” гэжээ.
Парис дахь BAPS Хиндү сүмийн зүгээс X платформд мэдэгдэл нийтэлж, Эйфелийн цамхгийн удирдлага болон ажилтнуудтай айлчлалыг урьдчилан зохицуулсан гэжээ.
Тус мэдэгдэлд “Бидний мэдэж байгаагаар Эйфелийн цамхагт нэвтрэх эрхийг хэн нэгэнд ямар ч үед хориглоогүй. Гэсэн хэдий ч энэ нөхцөл байдлын улмаас сэтгэл нь шархалсан эсвэл хүндрэл учирсан хэн бүхнээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Бид харилцан хүндлэл болон бусдад үйлчлэх нийтлэг үнэт зүйлсийг тууштай эрхэмлэдэг” гэжээ.
BAPS төлөөлөгчдийн айлчлал нь Парисын захын дүүрэгт Франц дахь анхны томоохон Хиндү сүмийг ням гарагт ариусган нээсэн үйл явдлын дараа болсон байна.
Парис хотын дарга шалгалт явуулна
Маргааны дараа Парис хотын дарга Эммануэль Грегуар уг айлчлалын нөхцөл байдлыг шалгана гэж мэдэгджээ.
Тэрбээр X платформд “Эйфелийн цамхгийн ажилтнуудын илэрхийлж буй уур бухимдлыг би ойлгож байна. Тэдний сэтгэл дундуур байгаа нь үндэслэлтэй гэдгийг хэлмээр байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал манай түүхэн дурсгалт байгууламжийн үүдэнд зогсохгүй, энэ хотын хаана ч зогсох ёсгүй. Энэ зарчим хүн бүрт, хаа сайгүй хэрэгжих ёстой” гэдгийг мөн онцолсон байна.
Францын хэт барууны улс төрч Марин Ле Пен мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, Франц улс “эмэгтэйчүүдийн оролцоо, оршихуйг хязгаарлах явдлыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Харин Францын Ерөнхий сайд асан Габриэль Атталь уг явдлыг буруушааж “Ямар ч соёл, ямар ч итгэл үнэмшил, ямар ч шашин шүтлэг, хэн ч эмэгтэйчүүд хаана байх ёстойг зааж, тулган шаардж болохгүй” гэв.
Энэ хэрэг Францын Бүгд найрамдах улсын үнэт зүйлс, шашны болон соёлын уламжлалыг хүндэтгэх асуудал, мөн эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлын зарчим хоорондын зөрчил, тэнцвэрийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргээд байна.