
Египетийн археологичид Каирын өмнөд хэсэгт орших Саккарагийн Бубастейон оршуулгын газраас эртний хаант улсын үеийн өндөр албан тушаалтан Сехентиу-Птахын 4000 гаруй жилийн настай булшийг илрүүлжээ.
МЭӨ 2649–2150 оны хооронд хамаарах эртний хаант улсын уг булш нь оршуулгын сүм, талийгаачийн сүнсийг бэлгэдлийн ертөнцтэй холбодог хуурамч хаалга бүхий бүтэцтэй аж. Хаалга дээр Сехентиу-Птахын албан тушаал, цол хэргэмийг иероглифээр бичсэн байна. Тэрээр хааны танхимын түшмэл, бүх бүтээн байгуулалтын хянагч, хааны зарлигийн нууцыг сахигч зэрэг өндөр албан тушаал хашиж байсныг бичээсүүдэд өгүүлсэн байна.
Булшны хуурамч хаалганы өмнө археологичид алебастраар хийсэн зан үйлийн иж бүрэн эдлэлүүд болох өргөлийн ширээ, өргөлийн хавтан, ариусгалын савыг анхны байрлалд нь илрүүлсэн бөгөөд олдворын хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Судлаачдын хувьд эдгээр эд зүйлсийг хөндөөгүй агаад байрлалаар нь олсон явдал эртний хаант улсын үеийн оршуулгын зан үйл, талийгаачид зориулсан өргөл хэрхэн үйлдэгдэж байсныг илүү тодорхой судлах боломж олгож байна. Өөрөөр хэлбэл энэ булш зөвхөн нэгэн өндөр түшмэлийн оршуулгын газар бус, эртний египетчүүд үхэл болон хойд насыг хэрхэн төсөөлж байсныг харуулах археологийн ховор баримт юм.
Сонирхолтой нь Сехентиу-Птахын булшны ойролцоох малтлагаар өөр өөр цаг үеийн оршуулгын ул мөр давхар илэрчээ. Холбогдсон булшны хонгилуудаас хүний шарил, битүүмжилсэн гурван чулуун авс, модон шонхорын баримал, ваар сав, өнгө будгаар чимэглэсэн оршуулгын болон 100 гаруй "ушабти" буюу талийгаачийн оронд хойд насанд хөдөлмөрлөхөөр зориулагдсан жижиг баримлууд олдсон байна.