УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Уг шинэчлэл иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, нийтээрээ тэгш шударгаар татвараа төлөх эрх зүйн орчин бүрдүүлнэ. Иргэн бүр татвартаа хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлдэг, эргэж тайлагнадаг системд орно.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхныхаа орон сууцаа худалдан авч байгаа тохиолдолд хуучин 6 000 000 төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсныг байсныг 15 000 000 төгрөг болгож байгаа.

НӨАТ нь бүртгэлийн зориулалттай байсан ч гол зорилго нь тогтолцооны гажуудал руу авчирсан. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлчихсөн байгаа учраас НӨАТ-ын хамрагдалт 74 хувьтай байна. Энэ нь шударга бус татварын тогтолцоог бий болгосон. Иймд багц хуулиар шинэчлэх гэж байгаа юм.

Нийт орлогоос ХХОАТ-ын шатлалыг тооцдог болох аргыг орууж байгаа. Хялбаршуулсан горимыг зөвхөн НӨАТ-т үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь зөвхөн бүртгэлийн үүргээ гүйцэтгэнэ.

Хувиараа бизнес эрхлэгдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулна. Технологийн шинэчлэлтээр иргэд, ААН-үүдийн орлогыг үндсэндээ тодорхойлох боломжтой болсон тул системээ автоматжуулах, хялбаршуулах боломж нь нээгдсэн" гэв.

Түүний танилцуулснаар татварын төрлүүдэд ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг хүргэе.

НӨАТ:

  • 500 000 төгтөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө.

500 000-800 000 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын 50 хувийн чөлөөлөлт олгорно.

ХХОАТ:

Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг НДШ 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800000 төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээр 637 мянган төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63720 төгрөг төлөөд, хоёр хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103 мянган төгрөг төлнө. Цалингийнхаа 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6320 төгрөгийн татвар төлдөг болно. 13 хувиас 0.8 хувь болж буурна. 

Дундаж буюу 1 500 000 төгрөгийн цалинтай хүн өнөөгийн хуулиар 202 мянган төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.

3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянган буюу 14 хувийн татварын ачаалалтай байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувь болж буурна.

Жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.

ААНОАТ:

Зургаан тэрбум төгрөг хүртэлх ашигтай компаниуд 10 хувийн татвар төлдөг бөгөөд түүнээс дээш бол 25 хувийн татвар төлдөг. Иймд компаниуд ашгаа зургаан тэрбус дөхөхөөр шинэ компани байгуулах, охин компани үүсгэх гэх мэтээр ашгаа задалж байгааг шийдэхийн тулд 6-10 тэрбум тегрегт 15 хувийн татвар бий болгоно.