
Унгарын Пилишсентйиван буюу Харшийн ой хэмээх археологийн дурсгалт газар Ромын үеийн тосгоны үлдэгдлийг судлах үеэр хар тугалгаар хийсэн "Venus Pudica" буюу Венерагийн жижиг баримал олджээ. Энэхүү олдворыг металл илрүүлэгчийн тусламжтайгаар илрүүлсэн бөгөөд тус суурингаас өмнө нь шашин, шүтлэгтэй холбоотой эд өлгийн зүйл бүртгэгдэж байгаагүй тул судлаачид онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Археологич Симон Бенцегийн удирдсан судалгааны баг уг газрыг ийнхүү дөрөв дэх жилдээ судалж байгаа юм. Судалгаагаар Венерагийн баримлаас гадна хар тугалгатай хүрэл толины хэсэг, төмөр багаж, хувцасны зүү болох фибула болон зоос зэрэг Ромын үеийн эд өлгийн зүйлс илэрсэн байна.
Археологичид мөн “E” гэж тэмдэглэсэн барилгын сууцны хэсэг болон хойд талын орчныг судлах явцдаа чулуун хавтангаар хучсан талбай илрүүлсэн нь эдийн засгийн буюу аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Үүнээс гадна хөндөгдөөгүй нурангин давхаргаас олон тооны ваар сав, зарим нь бүтнээрээ хадгалагдсан эд өлгийн зүйлс болон төмөр хавчаар илэрсэн аж. Эдгээр олдвор нь тухайн барилгыг хэрхэн ашиглаж байсан, Ромын үед энд амьдарч байсан хүмүүсийн өдөр тутмын амьдрал ямар байсныг тодруулахад тусална.
Харин Венерагийн жижиг баримал нь эдийн засаг, ахуйн хэрэглээнээс гадна уг сууринд шашин шүтлэг, бэлгэдлийн соёл мөн оршиж байсныг харуулах шинэ баримт болж байна.