
Японы гэрийн эзэгтэй Маки Ватанабэ шарсан хаш хийхдээ хэрэглэсэн хоолны тосоо хуванцар саванд болгоомжтой юүлэв. Тэрээр байгальд ээлтэй онгоцны түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үндэсний хэмжээний хүчин чармайлтад Токио дахь гал тогооноосоо хувь нэмрээ оруулж байгаа нь энэ юм.
Тэрээр “Нэг онгоцыг нисгэхэд асар их хэмжээний тос хэрэг болно. Тиймээс бид илүү ихийг цуглуулж чадна гэж найдаж байна” гэжээ.
Хоол хийх дуртай Ватанабэ жилд ойролцоогоор 40 литр хэрэглэсэн тос хандивлах боломжтой аж.
Түүний хандивласан тосыг ойролцоох супермаркетад цуглуулдаг бөгөөд уг супермаркет нь “Fry to Fly” нэртэй төр-хувийн хэвшлийн хамтарсан төслийн 300 орчим оролцогчийн нэг юм. Ирантай холбоотой дайн эрчим хүчний нийлүүлэлтийг хумиж, нөөц багатай Японы зардлыг өсгөж байгаа энэ үед уг төсөл улам чухал болжээ.
Япон улс 2030 он гэхэд агаарын тээврийн түлшний хэрэглээнийхээ 10 хувийг тогтвортой эх үүсвэрээс хангах зорилт тавьсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Ватанабэ шиг хэрэглэгчдийн тусламжийг урьд өмнөхөөс илүү ихээр эрэлхийлж буй аж.
Дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай тус улс 2030 онд ойролцоогоор 1.7 сая килолитр тогтвортой нисэхийн түлш (SAF) шаардлагатай гэж тооцоолол бий. Тийм ч учраас хэрэглэсэн хоолны тосноос аль болох их хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэхийг зорьжээ.
Гэвч түүхий эдийн хомсдол болон дэд бүтцийн дутагдлаас шалтгаалан одоогийн дотоодын SAF үйлдвэрлэл ердөө 30 000 килолитр буюу нийт онгоцны түлшний хэрэглээний 0.3 хувьтай тэнцэж байна.
Японы хамгийн том хоёр агаарын тээврийн компани болох ANA Holdings болон Japan Airlines тавдугаар сард хийсэн хамтарсан танилцуулгадаа “Бид төсөөлснөөс хавьгүй хүнд бодит байдалтай нүүр тулж байна” гэж мэдэгджээ.
Шийдвэрлэх жил
2026 он нь нефть боловсруулах компаниудын хувьд SAF үйлдвэрлэлийн талаар шийдвэр гаргах чухал жил болох төлөвтэй байна.
Японы Засгийн газрын мэдээлснээр компаниуд 2030 онд масс үйлдвэрлэл эхлүүлэхийн тулд ирэх гуравдугаар сар гэхэд хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрээ гаргах ёстой.
Салбарын тэргүүлэгч Eneos Holdings компани цуглуулж болох хэрэглэсэн тосны хэмжээ нь Mitsubishi Corporation-той хамтран 2028 оны санхүүгийн жилийн дараа жилд 400 000 килолитр SAF үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх эсэхийг шийдэх гол хүчин зүйл гэж мэдэгджээ.
Түүхий эд цуглуулах, цэвэрлэх, устөрөгчжүүлэх, нэрэх зэрэг үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй, өндөр өртөгтэй процесс нь SAF үйлдвэрлэлд хийх хөрөнгө оруулалтыг өндөр эрсдэлтэй болгодог.
Өнгөрсөн жил Японы анхны арилжааны хэмжээний SAF үйлдвэрийг ашиглалтад оруулсан инженерийн JGC Holdings компанийн үзэж байгаагаар энэ төрлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд эрэлтийн талаар илүү тодорхой төсөөлөл шаардлагатай байгаа гэнэ.
Тус компанийн Cosmo Energy Holdings болон REVO International компанитай байгуулсан хамтарсан үйлдвэр жилд 30 000 килолитр үйлдвэрлэх хүчин чадалтай.
Хоолны тос цуглуулах ажлыг эрчимжүүлж байна
2030 оны зорилтот хугацаа ойртох тусам төр, хувийн хэвшлийн нийлүүлэлтийн сүлжээний төслүүд цуглуулгын ажлаа улам эрчимжүүлж байна.
Токио хотын захиргаа нийслэлийн 7.8 сая өрхөөс тос цуглуулахын тулд олон бизнесийг оролцуулж, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьжээ.
Өнгөрсөн санхүүгийн жилд Токио ердөө 160 килолитр тос цуглуулсан тул QR код бүхий заавартай 13 000 хуванцар юүлүүр тараажээ.
Reuters агентлагийн тооцоолсноор энэ хэмжээний тос нь Boeing 787 Dreamliner онгоцыг ердөө 17 цаг нисгэхэд хүрэлцэх хэмжээ юм.
Токио хотын захиргааны ажилтан Ясуши Сато “Хэрэв бид яг одооноос эхлэхгүй бол 2030 он гэхэд зорилтдоо хүрч чадахгүй” гэжээ.
Fujifilm Holdings энэ жилээс ажилчдын хоолны газруудаас тос цуглуулж эхэлсэн бол жижиглэн худалдааны аваргууд болох AEON Group, Ito-Yokado болон 7‑Eleven Japan тос хүлээн авах хайрцгийн тоогоо нэмэгдүүлж байна.
Гэсэн ч хэрэглэсэн хоолны тосны дусал бүрийг цуглууллаа ч нийт хэмжээ нь 550 000 килолитрт л хүрнэ гэж UCO Japan тооцоолжээ. Энэ нь 2030 онд шаардлагатай SAF-ийн ердөө дөрөвний нэгийг үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар Япон улс бизнесийн байгууллагуудаас гардаг бараг бүх хаягдал тосыг аль хэдийн цуглуулдаг болсон тул биоэтанолоос онгоцны түлш үйлдвэрлэх зэрэг шинэ технологи өргөн хэрэглээнд нэвтрэхээс өмнө SAF импортлох нь зайлшгүй зүйл болжээ.