
Бангладешт өвөрмөц төрхөөрөө олны анхаарал татсан “Дональд Трамп” хочтой ховор цагаан одос үхрийн зураг сошиал сүлжээнд тархжээ.
Ойролцоогоор 700 кг жинтэй энэхүү амьтан Нараяганж хотод өссөн бөгөөд цайвар шаргал биетэй, өвөрмөц шаргал үстэй төрхөөрөө хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Энэхүү одос үхрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үстэй төстэй харагддаг учраас ижил нэрээр дуудах болсон гэнэ. Том биетэй, номхон дөлгөөн зан араншинтай Дональд Трамп энэ жилийн хамгийн их хүн татсан амьтдын нэг болжээ.
Бангладешт альбинос буюу цагаан одос үхэр маш ховор байдаг. Учир нь ихэнх одос үхэр бараан арьстай байдаг тул энэ амьтан Eid al-Adha-ын үеийн малын худалдаанд онцгой анхаарал татсан үзмэр болсон байна. Eid al-Adha буюу Курбан айт нь исламын шашны хамгийн чухал, “Тахилын баяр” гэсэн утгатай шашны баяр юм.
Сүүлийн жилүүдэд ер бусын том биетэй эсвэл өвөрмөц төрхтэй амьтад Eid al-Adha-ын өмнөхөн олны анхаарлыг татах болж, сошиал сүлжээ болон орон нутгийн иргэдийн ярианы сэдэв болжээ.

1500 паунд жинтэй, шаргал самнасан үстэйгээрээ алдартай энэ амьтан орон нутгийн үзмэр болж, сонирхсон хүмүүс тасралтгүй ирж үздэг аж.
Амьтны эзэн Зиа Уддин Мридхагийн хэлснээр Дака хотын ойролцоох Нараянганж дахь түүний фермд тавдугаар сарын турш хүмүүс ирж энэ амьтныг үзжээ.
Таван найз, хамаатныхаа хамт ирсэн нэгэн зочин “Энэ одос үхэр, Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрын төрх үнэхээр ижилхэн юм. Миний дүү хүү Дональд Трампыг үзэхийн тулд нэг цаг завиар явж ирсэн” гэж ярьжээ.
Гэвч энэ сарын сүүлээр болох Eid al-Adha баярын үеэр Бангладеш улс даяар нядлах 12 сая малын нэгэн адил энэ одос үхрээр мөн тахил өргөх бололтой.
Сүүлийн нэг жилийн турш дөрвөн настай энэ амьтныг өсгөсөн Зиа Уддин Мридха “Би Дональд Трампаа санах байх” гэж хэлжээ.