
Засгийн газар "Хангад Эксплорейшн", "Өсөх зоос", "Энержи ресурс", "Ачит ихт" компанитай санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан "MCS" группын ерөнхийлөгч Ж.Оджаргал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард иргэдэд очих ёстой гэсэн үндсэн санааг дэмжиж байгаа. Засгийн газрын талаас өгөөжийг 60 хувь болгомоор байна гэсэн хэлэлцээрийг бид хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэхээр Баялгийн сан аривжих ёстой гэдгийг анхнаасаа дэмжиж байсан. Баялгийн сан аривжиж байж Үндсэн хуулийн заалт биелнэ. Тэгж байж ард иргэд уул уурхайгаас очих өгөөж ахиу хүрэх ёстой. Тэр утгаараа Засгийн бодлогыг дэмжиж ирсэн.
2008 онд бид бас стратегийн орд учраас 96 хувиа төрд өгч байсан. Үлдсэн хэсэг болох Ухаа худаг дээр хөрөнгө оруулалт хийгээд 3.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төлсөн байна. Хөрөнгө оруулагчдад ашиг ногдоогүй явж байгаа. Энэ өөрөө эрсдэлтэй салбар гэдгийг ойлгож байгаа. Гэсэн хэдий ч төр засгийн Баялгийн санг бид дэмжиж өгөөжийн 60 хувийг төр авна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зах зээлээс хамаараад нүүрсний үнэ сайжирвал төрд ахиу мөнгө өгнө гэсэн үг. АМНАТ төлж байгаа. АМНАТ Баялгийн сан, Хуримтлалын санд очоод ард иргэдэд уул уурхайн өгөөж мэдрэгдээсэй гэж хүсэж байна. Баялгийн сангийн хуваарилалтаар орон нутагт ахиухан өгөөсэй гэсэн шаардлага тавьж байгаа.
Төр дээрэмдэж байна гэх хэцүү. Ноднин жилээс ажлын хэсэг байгуулагдаад уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт хийсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайг тойрсон улстөржилт хэрээс хэтэрлээ. Ард иргэд боломжийн амьдармаар байдаг. Энэ бүхэн хаанаас бий болохын гэхээр ахиу экспорт хийж байж түүнийг дагасан өгөөж нь улсад орж ирж цалин, тэтгэвэр, тэтгэмж ахиу ногдоно. Тэгэхээр уул уурхайг тойрсон хэрүүлийг цэглэе гэж бодсон. Тэр утгаараа бид манлайлж дэмжиж ажиллая гэж байгаа юм. Улстөржих тусам бүтээн байгуулалт, хийж бүтээх зүйлс хойшилж байна. Нөгөө талаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд бид хэлэлцээрийг дэмжиж байна" гэв.