
Гэр бүлийн цугларалт болдог баярын өдрүүдийн дараах саруудад салалтын өргөдлийн тоо нэмэгдэх хандлагатай байдаг нь баярын үеийн стресс болон олон жилийн турш шийдэгдээгүй хуримтлагдсан зөрчлүүдтэй холбоотой талаар Korean Times сайтын нийтлэлд дурджээ.
Олон хүн салалт нь ганцхан үйл явдлын үр дүн биш гэж үздэг. Харин томоохон баяруудын үеэр үүсдэг дарамт, хүлээлт нь өмнө нь ярилцалгүй орхисон сэтгэлзүйн асуудлуудыг хурцатгаж, улмаар салалтад хүргэдэг байна.
Мөн харилцаа ийм хэмжээнд хүрэхэд бие биетэйгээ ярих хүсэлгүй болсон үед “цаашид оролдож үзээд ч хэрэггүй” гэсэн байнгын тусгаарлалтыг сонгох хосуудын тоо нэмэгдэж байгаа аж.
БНСУ-ын Мэдээлэл, Статистикийн яамнаас (Ministry of Data and Statistics) гаргасан 2024 оны гэрлэлт, салалтын статистикаас харахад, өнгөрсөн онд нийт салалтын тоо 90 мянга орчим байжээ. Тус статистикийн онцлох үзүүлэлт нь ихэвчлэн Цагаан сарын баяр багтдаг 1-3 дугаар саруудад жилийн нийт салалтын харьцангуй өндөр хувь бүртгэгдсэн явдал байв. Зөвхөн 1 дүгээр сард бүртгэгдсэн салалт нийт салалтын 9 хувийг эзэлжээ.
Гэрлэснээс хойш 5-9 жил болсон хосууд салалтын хамгийн өндөр хувийг эзэлсэн бол 4 жил ба түүнээс бага хугацаанд гэрлэсэн хосууд дараагийн байрт орсон байна. Харин 30 жил болон түүнээс дээш хугацаанд хамт амьдарсан хосуудын салалт дунджаар 10 гаруй хувийг эзэлж, аажмаар өсөх хандлагатай байгаа нь ажиглагджээ.
Duo Life Consulting байгууллагын 403 гэрлэсэн эмэгтэйд хийсэн тусдаа санал асуулгаар 58.1 хувь нь үндэсний баярын үеэр хадмынд очих нь “хэцүү, тавгүй мэдрэмж төрүүлдэг” гэж хариулсан байна. Стрессийн хамгийн том эх үүсвэр нь хадам ээж байсан бол дараагийнх нь бэр эгч (эсвэл хүргэн дүүгийн эхнэр) байжээ.
Мөн дахин гэрлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын 518 салсан эрэгтэй, эмэгтэйд хийсэн судалгаагаар баярын өдрүүд ихэвчлэн зөрчлийн “галыг нэмэгдүүлэгч” болдог нь тогтоогдсон байна. Эмэгтэйчүүд нөхрийнхөө талын гэр бүлийн цугларалтыг хамгийн их стресс үүсгэдэг хүчин зүйл гэж үзсэн бол эрэгтэйчүүд баярын хуваарь зохицуулах ачааллыг хамгийн том шалтгаан гэж хариулжээ.
Статистикийн байгууллагын зүгээс олон жилийн турш үргэлжилсэн зөрчлүүд баярын үеэр ил гарч ирэх нь түгээмэл үзэгдэл гэж мэдэгдсэн байна. Хадмындаа зочлох, санхүүгийн зардал, хоол хийх болон сэтгэлзүйн хөдөлмөртэй холбоотой маргаанууд цугларалтын үеэр хурцаддаг аж.
Саяхан баярын улиралд гэрлэлт “үнэхээр үнэ цэнтэй юу” гэсэн асуулт тавьсан нэгэн цахим нийтлэл олны анхаарал татжээ. “Баяр дөхөхөөр ганц бие хүмүүс аяллын төлөвлөгөө гаргадаг бол гэрлэсэн эмэгтэйчүүд хадмынд очиж ажиллаж байгаад, гэртээ ирээд нөхөртэйгөө маргалддаг” гэж уг нийтлэлд бичсэн байна. “Ингэхээр л гэрлэлт үнэхээр үнэ цэнтэй юу гэдэгт эргэлзэхэд хүрдэг” гэсэн үгээр нийтлэл төгсжээ.
Эх сурвалж: Korea Times